Флоридагийн их сургуульд бослого гарчээ
Орон нутгийн цагаар пүрэв гаригт Флоридагийн их сургуульд бослого гарч сургуулийн ойр орчимд цагдаа сэргийлэх, хамгаалалтын алба, нисдэг тэрэг, нисгэгчгүй хяналтын онгоцууд тойрон бүчсэн байдалтай байна. Тус сургуульд Үндэсний улс төрийн бодлогын хүрээлэнгийн захирал Ричард Спенсер илтгэл тавих үеэр оюутнууд эсэргүүцэл үзүүлжээ. Ричард Спенсер нь АНУ-ын улс төрийн бодлого төлөвлөлтийн чухал байгууллагыг тэргүүлдэг, ноёлогч байр суурийг дэмжигч гэдгээрээ алдартай. Тэрээр илтгэлийнхээ үеэр хүн бүр эрх чөлөөтэйгээр дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй хэмээн ярьж эхлэх үед илтгэл сонсож байсан оюутнууд дундаас Нацистууд гэртээ харь, энд байх эрхгүй хэмээн орилж, гараа зангидаж, дунд хуруугаа гозойлгосон үйлдлүүд гаргасан байна. Энэ үйлдэл газар авч, аажимдаа олон зуун хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдэж Спенсер гэртээ харь хэмээн дуу нэгтэйгээр шаарджээ. Жагсаалын үеэр Флорида мужийн захирагч Гайнесвильд онц байдал зарласан байна. Эсэргүүцлийн жагсаалыг намжааж байдлыг хяналтандаа оруулахын тулд нисдэг тэргүүд жагсагчдыг бүсэлж, мэргэн буучид байрлалаа эзэлжээ. Цагдаа нар шаардлагатай тохиолдолд нулимс асгаруулагч хэрэглэхэд бэлдэж баг зүүсэн байна. Флоридагийн их сургуулийн захирал Кент Фюкс өөрийн твиттер хуудсан дээрээ Ричард Спенсерийн эсрэг, жагсаалд нэгдсэн оюутнуудын талд байгаагаа илэрхийлжээ. Спенсер их сургуулийн цогцолборт илтгэл тавихын тулд 10,000 доллараар урлагийн төвийг түрээсэлсэн байсан бол жагсаалыг намжаахын тулд сургуулийн удирдлага 500,000 доллар зарцуулах хэрэгтэй болсон байна.
