Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › 11 настай охин шилдэг шинжлэх ухаанч болжээ

11 настай охин шилдэг шинжлэх ухаанч болжээ

АНУ-ын залуу шинжлэх ухаанчдад олгодог хамгийн том шагналыг 11 настай охин хүртсэн байна. Бяцхан охин усан дахь хар тугалгын бохирдлыг илрүүлэх хамгийн хямд төсөр аргыг олж нээснээр Америкийн шилдэг залуу шинжлэх ухаанч болжээ. Шагналыг 25,000 ам.доллар дагалддаг байна. Гитанжали Рао сүүлийн шатанд шалгарч үлдсэн 10 залуу шинжлэх ухаанчийн нэг байжээ. Тэд 3 сарын турш өөрсдийн санаачилсан төслөө өргөжүүлж өрсөлдсөн байна. Гитанжали усан дахь хар тугалгын бохирдлыг илрүүлэхийн тулд нүүрстөрөгчийн нано гуурсан хоолой ашиглажээ. АНУ-ын цэвэр бохир усны системүүд хар тугалгын бохирдол ихтэй байгаа нь эрх баригчдын өмнө тулгамдсан асуудлуудын нэг юм. Мичиганы Флинт хотод 2014-15 оны хооронд усны бохирдол дээд цэгтээ тулсан. Өнөөдрийг хүртэл усан дахь хар тугалгыг илрүүлнэ гэдэг асар их хэмжээний зардал төсөв шаардсан хэвээр байна. Тухайлбал усны дээжийг шинжлэхийн тулд шинжээчид рүү дээж илгээхээс авахуулаад ажиллагаа ихтэй байдаг. Гэвч 11 настай Гитанжалигийн санаачилсан Тедус  гэсэн Грекийн ариун усны бурхны нэрээр нэрлэсэн гар утасны хэрэглээний програмыг ашигласнаар усны дээжийг лаборатори луу илгээх шаардлагагүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл гар утасны програмаар усны дээжийг уншуулж хар тугалга байгаа эсэхийг газар дээр нь ямар ч шинжээчээс дутахааргүй шинжилж мэдэх юм байна. Хар тугалгаар бохирдсон усанд орвол биеэр юм туурах, амархан өвчин тусах магадлалтай байдаг бол хар тугалгатай усыг унданд хэрэглэвэл бага насны хүүхдүүдэд аюултай байдаг байна. Гитанжали энэ судалгаагаа улам лавшруулж, гар утасны програмаа боловсронгуй болгож зах зээлд нийлүүлэхийг хүсч байгаа юм.