БНСУ, АНУ, Япон улсууд Умард Солонгосын асуудлыг дипломат арга замаар шийдэх гарцуудыг олох тохиролцоонд хүрчээ
Өмнөд Солонгос, АНУ болон Япон улсуудын гадаад хэргийн дэд сайд нарын уулзалт лхагва гаригт Сөүл хотноо явагдсан байна. Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар явагдсан энэхүү уулзалтаар талууд асуудлыг дипломат арга хэлбэрээр шийдэх гарцуудыг олох тохиролцоонд хүрсэн байна.
Он гарснаас хойш Пхеньяны зүгээс 10 гаруй баллистик пуужингийн туршилтыг явуулж, мөн өнгөрсөн сард устөрөгчийн бөмбөгийн туршилтыг явуулаад байгаа нь Солонгосын хойгийн бүс нутгийн аюулгүй байдлыг сүүлийн жилүүдэд байгаагүйгээр хурцадмал болгоод байгаа бөгөөд энэхүү асуудалд АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаа голлох байр суурь эзлэн оролцох болсноос хойш хоёр улсын удирдагчдын хоорондох үгэн зөрчил, маргаан ширүүссээр байгаа билээ. Хурцадмал байдлыг намжаах асуудлаар олон уулзалт, яриа хэлэлцээ явагдсаар байгаагийн нэг болох Өмнөд Солонгос, АНУ, Японы гадаад хэргийн дэд сайд нарын түвшний уулзалт лхагва гаригт Сөүл хотноо зохиогдож, улмаар талууд асуудлыг дипломат арга хэлбэрээр шийдвэрлэх бүхий л гарц, шийдлийг олох тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Уулзалтын үеэр ирэх жил Өмнөд Солонгос улсад зохиогдох Пёнчаны өвлийн Олимп, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэх зэрэг олон сэдвийг хамруулан ярилцсаны гол төвд Умард Солонгосын хямрал байсан байна. 3 улсын төлөөлөгчид Умард Солонгос улсыг цөмийн хөтөлбөрөө зогсоох хүртэл эдийн засгийн хориг арга хэмжээ авах зэргээр хамтарсан шахалт үзүүлж, үүндээ Хятад, Орос болон НҮБ-ын АЗ-ийн бусад гишүүн орнуудыг татан оруулах дипломат арга хэлбэрийг илүүд үзэж байгаагаа онцолжээ. Энэхүү тохиролцооны гол зүйл нь гурван улс ямар ч тохиолдолд санал нэгтэй хамтрахаар болсонд оршиж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын ирэх сард Азийн улс орнуудаар хийх айлчлалын өмнө зохиогдсоноороо онцлог болсон талаар төлөөлөгчид онцолжээ.
