АНУ-ын тэнгисийн цэргийн зэвсэгт хүчин баллистик пуужинг эсэргүүцэгч SM-6 системийг харван туршлаа
Баллистик пуужинг агаарт устгах зориулалттай АНУ-ын хамгийн орчин үеийн систем болох SM-6-г өнгөрсөн ням гаригт туршин харвасан талаараа тус улсын тэнгисийн цэргийн зэвсэгт хүчний зүгээс хэвлэлийн мэдэгдэл гарган мэдээлсэн байна.
АНУ-ын зэвсэгт хүчний зүгээс өнгөрсөн ням гаригт Шотландын эрэгт орших тэнгисийн цэргийн хөлөг онгоцноос дээрх баллистик пуужинг эсэргүүцэгч SM-6 системийг харван туршсан бөгөөд энэхүү туршилтыг Умард Солонгос гэх зэрэг онцгой аюултай улс орнуудын эсрэг авч хэрэгжүүлэх цэргийн ажиллагааны сургуулилалтын хүрээнд явуулсныг дээрх мэдэгдэлд онцолжээ. Баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах зорилготой, одоогоор Өмнөд Солонгос улсын Сёнжу тойрогт байршуулаад байгаа, хуурай газарт суурилсан THAAD системтэй харьцуулахад SM-6 систем нь баллистик пуужинг агаарын давхаргын нилээд дээгүүр хэсэгт өндөр хурдаар угтан очиж, онож устгах чадвартай орчин үеийн байлдааны техникийн дэвшил болсон, Умард Солонгосын эсрэг Вашингтоны урдаа барьж байгаа зэвсгийн нэгээр нэрлэгдэж байгаа юм.
