Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › АНУ-д Монгол улсын иргэн амь үрэгджээ

АНУ-д Монгол улсын иргэн амь үрэгджээ

АНУ-ын Мэрилэнд мужийн Эджвуд хотын иргэн Ради Лабиб Принц хамтран ажиллагсад руугаа гал нээсний улмаас 3 хүн амь үрэгдсэн хэрэг гарсан байна. Тэрээр хэргийн газраас оргон зайлсан бөгөөд түүнийг эрэн сурвалжлах ажил улс орон даяар лхагва гаригт эхэлж, улмаар өнөөдөр баривчлаад байгаа талаар CNN агентлаг мэдээлээд байна.

Лхагва гаригт Мэрилэнд мужийн Эджвуд хотын иргэн, 37 настай Ради Лабиб Принц гэгч этгээд өөрийнхөө ажилладаг, хувийн орон сууц, байшинг дахин шинэчилж, загвар гаргадаг "Advanced Granite Solutions" компанийхаа хамтран ажиллагсад руу гал нээж, улмаар 3 хүн амь үрэгдэж, 2 нь хүнд шарх авсан бөгөөд хэргийг үйлдсэнийхээ дараагаар оргон зайлсан түүнийг эрэн сурвалжлах ажлыг Харфорд тойргийн шерифийн албанаас эхлүүлсэн юм. Хамгийн харамсалтай нь амь үрэгдсэн эдгээр 3 хүний нэг нь Виржиниа мужид бүртгэлтэй, 53 настай Түдэвийн Баярсайхан хэмээх Mонгол улсын иргэн байсан нь тогтоогдсон байна. Ради Лабиб Принц нь гар буу ашиглан хамтран ажиллагсад руугаа буудсан бөгөөд түүнийг дээрх хэргийг үйлдсэнээс 12 цагийн дараагаар анхны хэргийн газраас 88 км-ийн зайд орших Делавэйр мужийн Вилмингтон хотоос олж баривчилсан талаараа эрх баригчдын зүгээс мэдэгдээд байна. Тэрээр тус хотын автомашин худалдааны төвд зургаа дахь хохирогчийг буудсаныхаа дараагаар хотын гудамжинд алхаж явж байгаад баригдсан байна. Тэрээр цагдаа нараас зугтах үедээ 380 калибрийн буугаа хаясан байсныг цагдаа нар олж илрүүлсэн бөгөөд хохирогчдийг буудсан сумны хонгиог шинжлэж үзээд уг бууг ашигласан болохыг нь тогтоосон байна.

Цагдаагийн албанаас түүнийг дээрх хэргийг төлөвлөн үйлдсэн буюу хохирогч болох Эджвуд хотын 5 иргэн, Вилмингтон хотын нэг иргэнийг биечлэн таньдаг байсан бөгөөд тэдний хооронд маргаантай асуудал байсныг олж тогтоосон гэсэн байна. Мөн Ради Лабиб Принц гэгч нь урьд өмнө маш олон гэмт хэрэгт холбогдож байсан, тэр дотроо 42 удаа баривчлагдаж, 15 удаа хоригдож байсныг мэдээлжээ.