Ford компани 1.3 сая автомашиныг эргүүлэн татахаар болжээ
Автомашины үйлдвэрлэлээрээ Америкт хоёрт бичигддэг Ford Motor компаний зүгээс 1.3 сая автомашиныг Хойд Америкийн бүс нутгийн хэрэглэгчдээс эргүүлэн татахаар болсноо лхагва гаригт зарлан мэдэгдээд байна. Хэрэглэгчдээс автомашиныг эргүүлэн татах болсон шалтгаан нь урд хоёр хаалганы түгжээнд асуудал гарсан бөгөөд хүйтэн цаг агаартай үед хаалганы түгжээ онгойхгүй гацах, эсвэл хаагдахгүй байх зэргээс урьдчилан сэргийлж түгжээнд нэмэлт тоног төхөөрөмжийг суулгах зорилгоор уг арга хэмжээг авахаар болсноо тайлбарлажээ. Хаалганы түгжээний асуудалтай, эргүүлэн татагдахаар болоод байгаа автомашинуудын дотор 2015, 2017 оны Ford F-150 болон 2017 оны Ford Super Duty гэх зэрэг сүүлийн үеийн ачааны автомашинууд багтаж байгаа юм байна. Автомашинуудыг эргүүлэн татаж, тэдгээрт нэмэлт засвар хийхэд нийтдээ 267 сая ам.долларыг зарцуулахаар болсон бөгөөд энэхүү урьдчилан тооцоолоогүй зардал нь тус компаний 2017 оны 4 дүгээр улирлын орлогод сөргөөр нөлөөлөх болно гэж Форд компаний зүгээс онцолжээ.
