Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › МИСС, ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ: "Хүн мөнгөний төлөө биш мөрөө

МИСС, ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ: "Хүн мөнгөний төлөө биш мөрөөдлийнхөө төлөө амьдрах ёстой"

Мэргэжлийнхээ буянаар үргэлж сайхан хүмүүстэй уулзаж ярилцаж, эерэг энерги, эрч хүч, урам зоригийг авч байдагтаа би хувьдаа баярладаг юм. Энэ удаа ч гэсэн өөрийн үзэл бодолтой, зорилготой, тэмүүлэлтэй хоёр бүсгүйг “Дугаарын зочин” ярилцлагын хойморьтоо урилаа. Тэдэнтэй ярилцах үед залуусын төлөөллүүд маань ийм мундаг, ухаалаг, оюунлаг байхад ирээдүй өнгөтэй, гэрэлтэй байх нь дамжиггүй гэж дотроо бахархаж сууснаа нуух юун. Энэ ухаалаг бүсгүйчүүд бол Монголынхоо моделийн ур чадварыг дэлхийд гаргаж яваа мисс, Топ модель  Х.Бадамгэрэл болон түүний гарын шавь Б.Солонго нар юм. Хэлж ярихаас илүү хийж үзүүлэх нь илүү хэмээн Бадамгэрэл ийн шавьтайгаа хамт бидний урилгыг хүлээн авсан нь энэ. Ингээд бидний ярилцлагад уншигч та түр саатна уу.

TV ZONE: Сайн байцгаана уу?

БАДАМГЭРЭЛ : Сайн, сайн байна уу? TV ZONE сэтгүүлийн уншигчидтай ахин уулзаж байгаадаа баяртай байна.

СОЛОНГО : Сайн байна уу? TV ZONE сэтгүүлийн хамт олонтой хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Ярилцлага маань хүрэх энэ өдрийн мэндийг уншигчиддаа хүргэе ээ!

TV ZONE: Зураг авалт маань амжилттай дууслаа. Бадамгэрэлээр сүүлийн үеийн сонин сайхан юу байна? Итали руу олон улсын миссүүдтэй хүмүүнлэгийн ажилд оролцоод ирснээс эхлээд дуулгах сонин их байгаа байх...

БАДАМГЭРЭЛ : Тиймээ, хамгийн сүүлд Итали улсад 50-аад орны миссүүд цугларч, сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулахад Монголоос уригдаж оролцлоо. Мисс А.Баярцэцэг, Д.Долгион бид гурвыг албан ёсоор урьсан юм л даа. Гэвч манай хоёр энэ үеэр гадаадад давхардсан ажилтай байсан учраас явж амжаагүй. Тиймээс би төлөөлөл болж явчихаад ирлээ. Дотны найз Энэрэлтэйгээ хамт явж, найз маань менежерээр явсан байгаа. Олон орны үе үеийн том тэмцээнүүдэд улс улсынхаа төлөөллүүд болж байсан миссүүд тэнд цугларсан. Үнэхээр гайхалтай өдрүүдийг Италид өнгөрүүлээд ирсэн. Ер нь, ингэж явахдаа мөрөөдлийн улс, мөрөөдлийн хотуудаараа аялж, их зүйлийг сураад ирлээ. Сайн үйлсийн аянаараа нэлээн хэмжээний хөрөнгө босгож, түүгээрээ цэцэрлэг барих ажил нь амжилттай эхлэхээр болсон. Одоо тэрхүү цэцэрлэг барих ажил нь хэдийнээ эхлээд явж байгаа юм билээ. Тэнд байхдаа эх орноо төлөөлөн Төрийн далбаатайгаа загварын шоунд оролцохоос эхлээд хөрөнгө босгох олон ажилд гар бие оролцсон юм.

TV ZONE: Цөөхөн хүн амтай ч манай улсаас гурвын гурван мисс уригдана гэдэг миссүүд маань дэлхийд данстай яваагийн том илрэл байх. Анх явах тухай нь сонсоод бахархаж суулаа.

БАДАМГЭРЭЛ : Загварын салбарынхаа хувьд төлөөллүүдээрээ маш их бахархдаг. Салбарын маань төлөөллүүд маш чадвартай. Загвар өмсөгч нь ч тэр, загвар зохион бүтээгч, hair stylist-ууд, make up artist-ууд нь ч тэр. Энэ бүх хүн эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж чадаж байгаа юм. Загвар бол соёлын нэгэн том төлөөлөл болж буй салбар. Олон улсын аливаа арга хэмжээнд оролцлоо гэхэд үндэсний хэв маяг соёлыхоо өвийг агуулсан гоёлын даашинз, монгол дээл хувцас гэх мэт олон зүйлсийг бэлдэн түүгээрээ дамжуулан Монгол эх орноо сурталчлан таниулдаг. Энэ бүх хүмүүсийн ур чадвар, сэтгэл зүрх нэгдэн нийлж байж бид дэлхийд гайхагдаж чадаж байгаа юм шүү дээ. Багийн ажил гэсэн үг. Монголчуудаараа их бахархдаг шдээ. Монгол хүн тэвчээртэй. Тухайн нөхцөл байдалд дасан зохицож чаддаг учраас ямар ч үед Монгол гэсэн нэрийг унагаахгүй авч явж чаддаг. Итали руу явахдаа Энэрэл найзтайгаа нэлээн нарийн төлөвлөгөө гаргаж явсан юм. Гаргасан төлөвлөгөө маань миссүүдэд их онцлог санагдсан гэсэн. Монголчууд маань хувийн бэлтгэлийг маш сайн хангаж аливаад их сэтгэл зүрхнээсээ ханддаг.

TV ZONE: Олон улсын миссүүдийг буюу өргөн цар хүрээг хамарсан хүмүүнлэгийн үйлс гэхээр их сонирхолтой санагдаж байна. Тэнд хүмүүнлэгийн ажил хэрхэн явагдсан тухай сонирхуулбал...

БАДАМГЭРЭЛ : Анх удаа зохион байгуулж байгаа гэхэд 50-аад орны миссүүд цугласнаараа өргөн цар хүрээтэй байлаа. Нэг дор тэр олон орны миссүүдийг цуглуулна гэдэг маш нүсэр ажил. Эл ажлыг Итали улсын мисс, 2004 оны “Miss World” тэмцээнд оролцож байсан Валериа Алтобелли гэх бүсгүй санаачлан зохион байгуулсан байгаа. Энэ бүсгүй өдгөө улсдаа нэр хүндтэйн дээр сайхан гэр бүлтэй юм билээ. Хүү нь долоон настай, нөхөр нь Олимпийн медальтан тамирчин залуу байдаг юм билээ. Олон нийтэд үлгэр дууриал болсон маш сайхан гэр бүл. Энэ гэр бүлээс уг хүмүүнлэгийн ажлыг санаачилсан байгаа. Эхний жил маш амжилттай болж, энэ ажлыг уламжлал болгохоор ярилцаж, ирэх жил аль улсад хийхээ хэлэлцэж байна. Баярцэцэг, Энэрэл, Долгион бид олон улсын миссийн “Mission Onlus-NGO”-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч гишүүд. Тиймээс дараа дараагийн жил Монголд зохион байгуулах боломжтой эсэхээ мөн ярилцаж байгаа. Энэ төрлийн ажлыг эх орондоо зохион байгуулъя гэхэд эртнээс маш нарийн бэлдэх хэрэгтэй. Бид гадныхныг ирэхэд нүүр бардам байж чаддаг билүү, үгүй билүү гэдгээ сайн бодох ёстой. Монголыг маань ер нь маш их сонирхож байсан. Зураг үзээд, үзэсгэлэнт байгалийг маань гайхаж шагшраад, нөгөө талаас асуудлуудыг маань сонсоод туслах юмсан гэсэн сэтгэлээр хандаж байв. Монголыг маань сонирхож байгаа болохоор дараа сайн бэлтгээд эл үйл ажиллагааг эх орондоо явуулах боломжтой болсон. Ер нь, миссүүд цуглан сайн үйлс бүтээж байгаа газар Дэлхий нийтийн анхаарлыг татаж чаддаг. Тухайн улс орныг хүндэтгэн хүлээж авдаг.

TV ZONE: Моделийн карьерын хувьд сонин сайхан юу байна? Гадагшаа моделийн ажлаар явах төлөвлөгөө бий юу?

БАДАМГЭРЭЛ : Долдугаар сарын 30-нд “Андра” агентлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ урд хөршид болж буй монголчуудын том наадамд оролцон Үндэсний хувцасны тоглолт толилуулах гээд бэлтгэлээ базааж байна. Өмнө нь моделийн ажлаар хэд хэдэн удаа нааш цаашаа яваад ирсэн. Яг одоо суурин байна. Ирэх арван сард Дубайд мөн уригдсан байгаа. Дубайн шоунд ази модель их өвөрмөц байсан учраас эргээд заавал ирээч ээ гэсэн саналууд холбоон дээр ирээд байгаа. Бадамгэрэл гэж бүтэн нэрийг минь гадныхан хэлэхэд их хэцүү. Тийм болохоор би агентлагийнхаа нэрээр олон улсын арга хэмжээнүүдэд оролцдог. Найзууд маань тэр шоунд Андра ирнэ биз дээ гээд байгаа. Эндээс гэхдээ ганцаараа явмааргүй байна. Гурав, дөрвөн моделио аваад явах хүсэлтэй байгаа. Агентлагийнхаа ч юм уу. Ер нь, манай загварынхан дэлхийд нэр хүнд сайтай шдээ. Италид болж буй сайн үйлсийн ажилд хамгийн хол зам туулж, хамгийн олон цаг зарцуулж ирсэн хүмүүс нь Монгол байсан учраас бидний сайн сайхны төлөө зориулж байгаа сэтгэл, урам зоригийг маань ихээхэн үнэлсэн. Бид Ромд очихын тулд дөрөв дамжин нисч, хүлээсэн цагтайгаа нийлээд 18 гаруй цаг зарцуулсан хүмүүс болохоор эргээд энэ олон мисс эх оронд минь зочлохдоо ч хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байлаа. Италид болох сайн үйлсийн ажилд оролцоход онгоцны зардлын их том асуудал үүссэн ч үүнийг “Монос” групп дэмжиж, эх орныхоо тугийг намируулан алхах боломж бүрдүүлэн бидэнд маш их тус болсон байгаа. “Монос”-ын хамт олондоо маш их баярлалаа. Нийгмийн хариуцлагаа үргэлж ухамсарлан дэмжин ажилладагт гүнээ талархаж байна.

TV ZONE: Бадамгэрэлийн удирдлага дор одоо хэчнээн мэргэжлийн моделиуд байна вэ?

БАДАМГЭРЭЛ : Одоогоор 20 бүсгүй, 10-аад залуу байна. Бид хэдий залуу агентлаг ч гэсэн моделиудаа маш чадварлаг, сайн бэлдэх гэж хичээдэг. Моделиудаа сайн бэлдэхийн тулд хамтдаа үйл ажиллагаанд оролцох, хамтдаа ажил яаж өрнөдгийг мэдрүүлэх, урам зориг өгөөд явахыг зорьдог. Тиймээс ч өнөөдөр шавьтайгаа зурганд орохоор бэлдээд хамт ирсэн байгаа. Зураг авалт бол моделиудад асар их туршлага болдог.

МОДЕЛЬ Б.СОЛОНГО:

“Өндөр гэж бусдын доог болж байсан ч

багшийгаа хараад модель болохоор шийдсэн”

TV ZONE: Загварын ертөнцөд хөл тавиад удаагүй байгаа модель бүсгүйтэй танилцъя?

СОЛОНГО : Намайг Б.Солонго гэдэг. 19 настай. МУИС-ийн Сэтгүүл зүйн хоёрдугаар курсын оюутан. “Андра” академид ороод яг нэг жил болох гэж байна. Ховд аймгаас оюутан болж ирээд, есөн сард багш дээрээ анх ирж байлаа. Анх багшийгаа хараад “Wow” л гэж бодсон. Үнэхээр үзэсгэлэнтэй, үлгэр дууриал авмаар. Тийм болохоор багш шигээ болохоор тууштай хичээж байна даа.

TV ZONE: Загварын агентлагт ирж байгаа охид бүсгүйчүүдийн зорилго харилцан адилгүй л дээ. Таны хувьд, мэргэжлийн загвар өмсөгч болох байв уу, эсвэл өөр зорилготой байв уу?

СОЛОНГО : Хөдөө загварын салбарын тухай төдий л сайн мэддэггүй байсан. Өндөр нуруунаасаа болж үеийн хүүхдүүдэд байнга шоолуулдаг байлаа. “Яах гэж өндөр төрөв өө” гэж тэр үедээ их боддог байжээ. Анх багшийгаа хараад “Хөөх, над шиг өндөр нуруутай юм байна шдээ, ямар гоё юм бэ” гэсэн бодол шууд орж ирсэн шүү. Тэгээд л модель болно гэж шийдсэн. Модель больё гээд л болчихдоггүй юм билээ. Суралцах, өөрийгөө сайжруулж бэлдэх хэрэгтэй. Модель ганц өндөр байгаад, хөөрхөн байгаад энэ нь хангалтгүй. Бүх тал дээрээ чадварлаг байх хэрэгтэй. Үүнийг их ойлгож, мэдэрч байна.  Маш их хичээж, сайн бэлтгэж, надад итгэж дэмжиж байгаа багш, гэр бүл, найз нөхдийнхээ урмыг хугалахгүйн тулд хичээж байгаа.

TV ZONE: Загварын салбарт хөл тавиад жил болохдоо ямар ажлууд дээр оролцсон байна вэ?

СОЛОНГО : Агентлагийнхаа хүрээнд загварын шоунуудад ордог. Харьцангуй шинэ модель болохоор томоохон шоунуудад оролцоход бэлтгэл маань арай дутуу байна. Суралцаад явж байна.

TV ZONE: Анх шавь болж орж ирж буй охидыг хараад “Энэ охин амжилт гаргахаар юм байна даа” гэж шууд харагддаг уу?

БАДАМГЭРЭЛ : Ер нь, би чинь морь сойдог хүн шиг л сайн шинждэг гэх юм уу даа. Бүр мэргэжлийн өвчин болчихсон. /Инээв/ Охидоо ер нь анх Андрад ирэхэд нь нэлээн ажиглаж, багш нараасаа байнга мэдээлэл авдаг. Мэдээж бүх хүүхдэд хичээлээ адилхан заана. Тэр дундаас үнэхээр хичээл зүтгэлтэй, хариуцлагатай нь ялгараад гараад ирдэг. Хариуцлагатай, зорилго, мөрөөдөлтэй байхад хүүхдүүдийг дэмжихэд ч урамтай. Яагаад гэвэл өөрөө мөрөөдөлтэй, зорилготой болохоор юманд хариуцлагатай хандаж байгаа гэсэн үг. Тэр утгаараа шавь нараа би нэлээн хатуу, зарчимтай талдаа сургадаг. Шавь нарынхаа дунд нь ордоггүй. Тэр маань ч зөв гэж боддог. Ямарваа нэг хүүхэд алхам тутамдаа суралцах ёстой гэдгээ мэдрэх ёстой. Болж өгвөл өөрөөрөө үлгэрлэчих юмсан гэж хичээдэг. Хөдөө орон нутгаас охид ирэхээр их баярладаг шүү. Ховдоос манайд 2-3 охин байна. Бүгд Солонго шиг өндөр. 182, 183 см өндөр. Тиймээс шинэ охидын маань хувьд цахиур хагалан гарч ирэх бүрэн боломж бий. Гэхдээ хэтэрхий эрт шунаж, бас ханаж болохгүй, мөнгөний төлөө ажиллаж болохгүй, хамгийн гол нь мөрөөдлийнхөө төлөө ажиллаж, зүтгэж суралцаж, алдсан ч босоод ирэх сэтгэлийн хаттай, зөв хүн болох нь чухал. Мөрөөдлийнхөө төлөө, мөрөөдлөө бүтээхийн төлөө замдаа мөнгөнд хууртаад алдаж байгаа хүүхдүүд байна. Эсвэл өөрийн гэсэн үзэл бодолгүйгээс хэн нэгэнд уруу татагдаад алдаа гаргах тохиолдол ч байна. Тиймээс бид илүү сэтгэл, зүрх хоёрт нь нөлөөлөх гэж хичээдэг.

TV ZONE: Хатуу, зарчимч байна гэдэг хариуцлагатай байхын үндэс болов уу. Магадгүй энэ арга барил “Андра”-гийн онцлог байх. Солонгын хувьд, загварын агентлагуудаас яагаад Андраг сонгосон бэ?

СОЛОНГО : Андрагийн тухай арван жилийнхээ нөгөө ангийн охиноос анх сонсч байсан. Харахад энгийн, бусдын л адил охин байсан юм. Хотод зуны амралтаа өнгөрөөхдөө Андрад явсан юм билээ. Хотоос ирэхдээ тэс өөр охин болчихсон байсан. Хүнтэй зөв харьцдаг, дандаа инээмсэглэдэг, хөөрхөн, гоё алхдаг, нүүрээ цэвэрхэн буддаг, цаанаа л гоё охин болчихсон байсан. Тэр охин надад “Чи өндөр юм чинь очоод үз ээ. Чамд боломж байна” гэж зөвлөсөн. Тэгээд 12 жилээ амжилттай төгсч, хүссэн сургуулиа авсан болохоор намар оюутан болж ирэхдээ бодон бодсоор багш дээрээ шууд ирсэн. Багшийн хэлснээр бид багш нараасаа байнга суралцдаг. Хариуцлагатай байхыг, хүмүүстэй хэрхэн зөв харьцахыг гээд алхам тутамдаа суралцдаг. Дэлхийн иргэн байх ёстой гэдгийг бидэнд сайн ойлгуулж өгсөн. Хотод ирсэн чинь мундаг хүүхдүүд маш их байсан. Тиймээс өөрийгөө илүү хөгжүүлэх, тэр дундаа маш их унших ёстой юм байна гэдгийг ойлгож мэдэрсэн. Өөрийгөө дайчилж чадсан хүн эцсийн үр дүнд зорилгодоо хүрэх юм байна гэдгийг ухаарсан. Хүний хамгийн гоё чанар нь ёс зүйтэй, хүнийг хүндэлж чаддаг, хэнтэй ч инээмсэглээд таатай харьцаж чаддаг, өөрөө мэдлэг боловсролтой байх ёстой гэдгийг мэдэрсэн. Бадамгэрэл захирал, Энхтуяа багш, мөн багшийн маань хань Андра академийн захирал Мөнхбаяр, сэтгэл зүйч Наранбаатар, дээд үеийн гэрээт модель ах, эгч нар гээд бүгдээс нь алхам тутам суралцсаар байна.

“Залуучууд ёс зүй, гоо зүйд суралцахаас цэрвээд байдагт шүүмжлэлтэй ханддаг”

TV ZONE: Энд ханийх нь тухай ярихгүй өнгөрч болохгүй байх. Бадамгэрэлийн амжилтын цаана яах аргагүй хань нь бий шүү дээ.

БАДАМГЭРЭЛ : Тэгэлгүй яахав. Хань минь, бас ээж, дүү нар, найзууд гээд надад үнэ цэнэтэй хэн бүхэн миний мэргэжлийг маш сайн ойлгож дэмждэг учраас би өнөөдрийг хүртэл өөрийгөө хүнд зөв илэрхийлэх, өөртөө итгэлтэй, амьдралдаа сэтгэл хангалуун байж чадаж байна. Хүний амьдралд хань ижил маш их чухал. Магадгүй миний хүсэл мөрөөдлийг дэмждэггүй ханьтай учирсан бол би амьдралаасаа сэтгэл ханамжийг мэдэрч чадахгүй байсан байхыг үгүйсгэхгүй. Хүн нэг л амьдарна. Тиймээс олон зүйлийг энэ амьдралдаа амжуулах ёстой. Харин амжуулж байгаа бүхнээсээ сэтгэл ханамжийг мэдэрнэ гэдэг хамгийн чухал. Тиймээс амьдралаасаа сэтгэл ханамжийг мэдрэх боломжийг олгодог ханиараа би үргэлж бахархдаг. Хань минь одоо Андрад маань маш том нөмөр нөөлөг болж байна. “Андра” академийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Эрэгтэй хүн тухайн байгууллагын толгой байна гэдэг нэг талаар нөмөр нөөлөгтэй, халдашгүй, өргөн цар хүрээг харж чаддаг гээд олон давуу талтай. Энэ нь ч манай шавь нарт зөв үлгэрлэлийг үзүүлдэг. Манай академид ирж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь эмэгтэйчүүд, харин үлдсэн аравхан хувьд нь залуучууд ирдэг. Энэ бол нөхөр бид хоёрын хамгийн санаа зовдог хэсэг. Эрэгтэй хүмүүс ёс зүй, гоо зүй, харилцаа зэргээс цэрвээд байдаг юм. Ирсэн залуус маань идэвхтэй, зөв хандлагатай байдаг болохоор илүү хөгжөөд, өөрчлөгдөөд цаашдаа ажилд нь, гэр бүлд нь хүртэл амжилт ахиц гардаг. Эргээд энэ тухайгаа бидэнд ярьдаг л даа. Үүнийг нь сонсоод бид илүү их урам зоригийг авдаг. Ер нь, би эрэгтэй хүүхдүүд идэвх сул байгаа учраас энэ тал дээр нэлээн шүүмжлэлтэй ханддаг шүү.

TV ZONE: Солонгыг хувьд, анх загварын ертөнцөд хөл тавьж байхад төсөөлснөөс нь хэр их өөр байна?

СОЛОНГО : “Торго”-ын шоуг үзээд ямар гоё урт хөлтэй эгч нар вэ гэж, “Дэлхийн мисс”-ийг үзээд Баярцэцэг эгчийг хараад ямар үзэсгэлэнтэй, ямар ухаантай, ямар нүүр бардам эгч вэ гэж их боддог байлаа. Тэгтэл багш нарын маань сайн найз, манай агентлагийн загвар өмсөгч хүн байсан. Үүнийг мэдээд Андра ямар хүчтэй бүрэлдэхүүнтэй, төлөөллүүдтэй юм бэ, би нэг хэсэг нь болж, мөрөөдөл зорилгодоо заавал хүрнэ гэж өөртөө хатуу сануулсан. Гадна талаас нь л гоё сайхныг нь хардаг байлаа. Харин яг дотор нь ороод модель хүн ямар их тэсвэр тэвчээрийг гаргаж, хатуужилтай, ёс зүйтэй байж олон талаас өөрийгөө дайчилдаг юм бэ гэдгийг мэдэрсэн. Дэлхийн тавцанд гарвал ганц өндөр сайхан байгаад хэрэггүй. Тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, хэлний чадвар, зөв харьцаа гээд олон зүйл бүрдэж байж зорилгодоо хүрдэг юм байна гэдгийг олон мундаг модель эгч нараасаа харж, үлгэр жишээ авч байгаа. Гэрийнхэн маань ч охиноо сайн дэмждэг. Ард байнга асаалттай л явдаг даа.  Аав ээж, ар гэрийнхэн Андрагийн бүх багш нартаа маш их баярлалаа. Охин нь бүх чадлаараа хичээнэ ээ.

БАДАМГЭРЭЛ : Ар гэрийн дэмждэг, дэмждэггүй нь ялгаа бас бий. Хүүхдийн өөрийнх нь хүсэл мөрөөдөл бүх зүйлийг шийддэг юм билээ. Би бол дэмждэг айлын охин биш байсан байхгүй юу. Анх загварын салбарт орж байхад олон талаас няцааж байлаа. Тухайн үед загварын салбарыг хүмүүс хямдхан, туйлширсан, мэргэжил биш гэдэг утгаар ойлгодог байсан шүү дээ. Гэхдээ л ар гэрийнхэн маань миний зорилго мөрөөдөл, тэмүүлээд байгаа зүйлийг маань нэг л өдөр ойлгоод жинхэнэ утгаар нь дэмжиж, урамшуулдаг болсон доо. Тэр үедээ ээждээ энэ салбарт амжилт гаргаж чадна гэдгээ баталж чадсан өдрөөс бүх зүйл миний хувьд өөрчлөгдсөн. Тиймээс эцэг эхчүүд маань үрсдээ итгэдэг байгаарай, хүлээцтэй байгаарай. Одоо бол загварын төлөөллүүд маань мундаг байгаа болохоор үүнийгээ дагаад сэтгэхүй хүртэл өөрчлөгдсөн байна. Манайх ер нь хүүхдүүдийнхээ эцэг, эхтэй нь нягт холбоотой ажилладаг. Аав, ээжтэй нь холбоотой байна гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг. Ер нь, бид хүүхдийг дур зоргоор нь байлгаад байх дургүй. Миний зарчим ч тийм биш. Зугаа цэнгэлийн зүйлд дагуулж явахгүй, уриалахгүй гэдэг ч юм уу. Би өөрөө ч тэгэж өссөн, тийм хүмүүжилтэй. Тэр маань хэзээ ч буруутаж байгаагүй. Буруутаагүйгээ мэдэж байгаа учраас энэ зам зөв гэж боддог.

TV ZONE: Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Зорилгынхоо төлөө тууштай тэмүүлж, зорьсондоо заавал хүрээрэй. Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гаргасанд баярлалаа.

БАДАМГЭРЭЛ : Биднийг урьсанд баярлалаа.

СОЛОНГО : Баярлалаа. Энэ дашрамд, багш нартаа баярлаж явдгаа хэлье ээ. Хайртай шүү!

Бэлтгэсэн: Б.БАЯРЖАРГАЛ

Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ

Хувцсыг: “ALTJIN FASHION” /9909-9789/