Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Зуун наст болон луувангийн ОРГАНИК МАСК

Зуун наст болон луувангийн ОРГАНИК МАСК

Арьс амархан харшиж, чанартай сайн гэгдэх олон бүтээгдэхүүн туршаад тусыг эс олж, аргаа баран сууна уу? Харшламтгай, эмзэг арьстай хүмүүсийн зовлон энэ. Хүссэн бүтээгдэхүүнээ хэрэглэж чадахгүй, яах гээд мэдэхгүй арьс ч хэцүү. Ийм зовлонтой уншигчиддаа үйлдвэрийн элдэв бүтээгдэхүүний оронд байгалийн гаралтай органик хүнс хэрэглээд үзэхийг зөвлөх байна. Олон төрлийн химийн найрлагагүй, олон зүйл хольж хутгаагүй цэвэр байгалиараа байгаа бүтээгдэхүүн магадгүй ааш нь олдохгүй байгаа арьсыг тань тайвшруулж болох юм. Тиймээс А амин дэмээр баялаг лууван болон эрүүл мэндийн эмч гэгдэх зуун настын ургамлын маскны жорыг санал болгоё! Маск нь арьсыг чинь амрааж, чийгшил болон тэжээлийг өгөх болно.

Зуун настын ургамлаар нүүрний болон үсний маск хийх жорыг бэлтгэлээ. Зуун настыг нимбэгний шүүстэй хольж, нүүрэндээ маск тавьснаар арьсанд маш их тэжээл өгч, царайны өнгийг сэргээж, нүүрэн дээрх толбо нөсөөг багасгаж, арьсны уян хатан чанарыг сайжруулан амархан унжихаас сэргийлнэ.

Үсний маскын хувьд, үсний ургалтыг түргэсгэж, өнгийг нь сэргээж, эрүүл байдлыг нь хадгалах болно. Нүүр болон үсэндээ үнэтэй бүтээгдэхүүн авч туршилт хийж байхаар ямар ч эрсдэлгүй органик энэхүү жороор гоо сайхнаа гэрэлтүүлээрэй. Үр дүнг нь мэдэрсэний дараа таны цонхон дээр голдуу зуун наст ургадаг болсон байх болов уу.

Зуун настын ургамлаасаа хоёр салааг эвтэйхэн зүсч авна.

Зүсч авсан салааныхаа хоёр талын ирмэг дэх өргөсийг нарийхан зүсч авна. Ингээд доторх шүүсийг нь авахын тулд голоор нь зүсч хуваана.

Салаа дотроос нь зуун настын гелийг хусч аваад аяга руу хийнэ.

Өөр аяганд жимсний шүүс шахагчаар нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаж хийнэ. Холигчинд нимбэгний шүүсээ хийгээд дээр нь зуун настын гелиэ хийн сайтар холино. Ингээд маск бэлэн боллоо.

НҮҮРНИЙ МАСК: Өөрийн гараар хийсэн зуун настын шүүсээрээ нүүр болон хүзүүндээ 10 минут орчим иллэг хийнэ. Үүний дараа 10-15 минут орчим амрааж байгаад бүлээн усаар шавшиж угаана. Нэг удаагийн маскаар л арьсанд тань ямар их өөрчлөлт гарсныг ажиглах болно. Энэхүү маскыг долоо хоногтоо 1-2 удаа тавихад хангалттай.

ҮСНИЙ МАСК: Үсээ угаахаас өмнө зуун настын бэлтгэсэн шүүсээрээ үсэндээ сайн иллэг хийх бөгөөд үүний дараа 20 минут орчим амрааж байгаад угаана. Угаасны дараа таны үс өмнөхөөсөө илүү эрүүлжсэн байх болно. Илүү үр дүнг нь нэмэгдүүлье гэж хүсч байвал орц дээрээ нэмж 1 ц/х зөгийн бал хийчихээрэй. Үүнийг долоо хоногтоо нэг удаа тавихад хангалттай.

Лууван нь А амин дэм, бета каротен, антиоксидантаар баялаг.

ЛУУВАНГИЙН АЧ ТУС

Нэг. Лууван нь антиоксидантаар баялаг учраас хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Үрчлээний эсрэг байгалийн эмч ч гэж лууванг нэрлэж болно.

Хоёр. Лууван нь арьсыг чийгшүүлнэ.

Гурав . Лууванд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд арьсны эд эсийг дахин сэргээх үйл явцад оролцоно.

Дөрөв. Арьсны идээт үрэсвлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Тав. Дархлааны системийг дэмжиж, элдэв халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Арьс чийгшүүлэх ЛУУВАНГИЙН МАСК

2 ц/х жижиглэж үрсэн лууван

1 ц/х зөгийн бал

1 ц/х цөцгий

Цөөн дусал оливийн тос

Хийх арга болон хэрэглээ:

Орцуудаа бүгдийг нь нэг саванд хийж сайн холих бөгөөд энэхүү зуурмагаараа маск тавихын өмнө нүүрээ сайтар цэвэрлэх ёстой. Үүний дараа маскаа нүүрэндээ жигд тараан тавьж, 10-15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угааж, луувангийн маскаа цэвэрлэн авна. Нэг удаагийн тавилтаар арьс тань толийж, зөөлөн булбарай, чийгшилтэй болсон байх болно. Үүнийг долоо хоногтоо 1-2 удаа тогтмол тавиад хэвшвэл арьс хуурайшилтыг мартах болно.