Rokit Bay дандаа сонин юм сэтгэнээ
Шил шилээ даран гарсан Монголын томоохон телевизүүдээс зохион байгуулдаг авьяастнуудыг шалгаруулах шоуны нэгийнх нь шүүгч, авьяаслаг реппер, олны танил “Rokit Bay” тайзны нэрийн ард Баярсайхан гэх эгэл жирийн нэгэн залуу бий. Өөрийгөө олох гэсэн урт эрэл хайгуулын эцэст реп хөгжмийн урлагтай амьдралаа холбож, олон мянган үзэгч шүтэн бишрэгчтэй болж чадсан тэрээр сүүлийн жилүүдэд дэлгэцийн урлагт хүч сорьсоор. Уран бүтээлийнхээ зэрэгцээ жүжигчний карьер эхлүүлж хэд хэдэн кинонд тоглоод байгаа бол тэрээр энэ удаад "Оннц дүмд" нэртэй инээдмийн, адал явдалт цувралаа олны хүртээл болгох гэж байгаа аж.
Пуужин Баяраа гараа гаргаж зохиолоо бичиж найруулсан гэсэн шүү. Харин нэрний тухайд зүгээр ч нэг маяглаж, үг үсгийн алдаа гаргаж "Оннц дүмд" гэж нэрлээгүй аж. Одоогийн нийгмийн нүүр царайг дээр үеийн маягаар дүрслэх нь гэсэн утга агуулга бүхий нэрний товчлол юм байна. Гэхдээ түүний бүтээлд өсвөр насныхан, хүүхэд залуучууд хошуурдаг ч энэ удаад тус цувралаа насанд хүрэгчдэд зориулсан гэдгээ онцолно билээ. Харин энэ дашрамд сонордуулахад, Дамбажаа ноён, Сандаг зэрэг гол дүрүүдээс гадна маш энгийн дүрмээр сошиалын уралдаанд оролцож түрүүлсэн нэг ялагч тус цувралд өөрийн дүрээ мөнхлөх боломжтой байсан юм.
Телевизийн салбарт нэгэн шинэ цуврал нэвтрүүлэг төрөн гарч, үзэгчид Rokit Bay-ийн нүдээр нийгмээ харж, хошин сэтгэлгээг тольдох анимэйшнээр амралтаа хөглөх нь ээ.
