VII дүрийн Лин Ринбүчи: МОНГОЛ БОЛ БУРХНЫ ШАШНЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХ ҮНДЭСТЭН
Монгол орноо олон хутагт хувилгаадууд морилон саатаж, дээдийн номын авшиг, лүн хайрлан соёрхлоо. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Ёнзон, ерэн долоодугаар Гандан ширээт, Бурханы шашны нэрт зүтгэлтэн Лин Ринбүчийн залуу дүр VII дүрийн Лин Чогбрүл хувилгааны анхны айлчлалыг бид бэлгэшээн, ярилцлага авах хүсэлтээ уламжилсаны дагуу хутагт соёрхож цөөн хором ярилцсанаа уншигч таны өмнө дэлгэе.
TV ZONE: Эрхэм дээд Жавжэ Лин Ринбүчи манай оронд морилон ирсэнд талархал дэвшүүлье. Сайн цагийн ерөөлөөр тантай ийнхүү уулзаж байгаадаа туйлаас баяртай байна.
Лин Ринбүчи: Амгалан сайхан байна. Би Монголд ирээд сэтгэлийн их амар амгаланг мэдэрлээ. Монголын цэнгэг сайхан агаараар цээж дүүрэн амьсгалж, үзэсгэлэнт байгаль, монгол хүмүүсийн аз жаргалтай мишээл, дотоод сэтгэлээ нүүрэндээ шууд илэрхийлэх тэр их амар тайван нь олон зууны турш их Монгол орноо дэлгэрсэн бурханы шашны гэгээн адистад гэлтэй. Би маргааш нутаг буцна. Гэтэл аль хэдийнэ Монгол сайхан орныг санаад эхэлчихлээ /инээв/.
TV ZONE: Таны анхны дүрийн Жавжэ Лин Ринбүчи 48 дахь Гандан ширээт лам төдийгүй Дээрхийн Гэгээнтэн 6 дугаар Далай ламын Ёнзон багш байсан. Үүгээр ч зогсохгүй 4, 5, 6 дугаар дүрийн Лин Ринбүчи мөн Дээрхийн Гэгээнтэн Далай багшийн (11, 13, 14 дүгээр ) Ёнзон багш байсан. Та энэ нандин харилцааныхаа талаар бидэнтэй хуваалцаач?
Лин Ринбүчи: Таны хэлсэнчлэн нэгдүгээр Жавжэ Ёнзон Лин Ринбүчи Далай ламтай багш шавийн нандин харилцаа үүссэнээс хойш гурван ч удаа багш шавийн энэ нандин харилцаа давтагдсан. Би Далай ламтай маш гүн гүнзгийгээр холбогдсоноо мэдэрдэг. Тэрээр миний язгуурын багш төдийгүй мөн гол багш юм. Би түүнтэй маш ойр дотно байдаг. Одоо миний үүрэг бол Далай ламын сургаалийг буддын номонд заасны дагуу нийтэд түгээх билээ.
TV ZONE: Та өмнөх дүрийн 6 дугаар Жавжэ Ёнзон Лин Ринбүчийн тухай ярьж өгөхгүй юу?
Лин Ринбүчи: Тэрээр бурханы номын оргилд хүрсэн, XX зууны Төвд орноо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн их мастеруудын нэг байсан. Мөн Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын Ёнзон багш төдийгүй, Гандан Ширээт ламын сэнтийд 20 жил суусан. Энэ нь Гэлэгва ёсны түүхэн дэх хамгийн урт хугацаагаар шарын шашны удирдагч байсан гайхалтай үйл явдал юм. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Дүйнхорын ном болон Жанчив Ламримын дамжлагыг 6 дугаар Жавжэ Ёнзон Ринбүчигээс авсан. 1954 онд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Төвдийн Лхасын Жокан сүмийн дэргэдэх Жхо бурханы өмнө 6 дугаар Лин Ринбүчигээс гэлэнгийн сахил хүртсэн. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам өөрийн багшийнхаа дурсгалд зориулж “Миний багшийн амьдрал” нэртэй номыг бичсэн нь Далай ламын өөрийн гараар бичсэн цорын ганц намтар юм. Энэ номын гол агуулгыг Дээрхийн Гэгээнтэн “Миний амьдрал дахь хамгийн аугаа нөлөөлөл” хэмээн онцолсон байдаг.
TV ZONE: Та ийм залуудаа Гэвшийн дамжаагаа амжилттай барьж дуусгасан нууц юу вэ? / VII Ёнзон Лин Ринбүчи 2016 онд Гэвшийн дамжааг барьж дууссан /
Лин Ринбүчи: Нууц бол нууц. Хуваалцаж болохгүй шүү дээ /инээв/. Үнэндээ бол нууц гээд байх зүйл байхгүй ээ. Би Брайвун хийдэд өссөн. Манай хийдэд нийт 4000 гаруй лам хуврага суралцдагаас Монгол, Буриад, Халимаг, Өвөрмонгол гээд нийт 700 гаруй Монгол туургатан лам хуврага. Хийдийн орчин тэр чигээрээ цэвэр винайн ёсыг барьдаг лам хуврагуудаас бүрддэг. Энэ нь эгэл хүмүүсээс ялгарах гол хүчин зүйлийн нэг. Ертөнцийн тааламжтай бүхнээс аль болох татгалзаж, бусдын төлөө өөрийгөө аль болох ихээр золиослоно гэдэг нь винайн ёс. Энэ нь надад маш их нөлөөлсөн. Учир нь би тэнд ойролцоогоор 20 жил буюу төгсөн төгсөтлөө байсан. Тиймээс би бурхан буддагийн айлдваруудыг бага зэрэг мэднэ.
TV ZONE: Хийдэд өнгөрүүлсэн бага насныхаа тухай яриач?
Лин Ринбүчи: Би маш багадаа өндөр хэргэм зэрэгтэй Ринбүчийн хойд дүрээр тодорсон болохоор энгийн хүүхэдтэй адилхан хүүхэд нас надад байгаагүй. Эргэн тойрон дахь томчууд намайг ихэд хүндэлж харьцана. Эхэндээ энэ бүхэн надад бага зэрэг хэцүү байсан. Яагаад гэвэл бусад хүүхдүүдийн хийж болдог зүйлс миний хувьд боломжгүй байсан. Гэхдээ би өөрийн багшаас хамгийн их хайр халамж, энэрэл нигүүслийг авч байсан юм. Энгийн лам хүүхдүүд нэг ангид арван хэдүүлээ суралцаж, дундаа нэг багштай байдаг бол би үргэлж л хувийн багштай байсан. Багш маань үргэлж манайд ирж надад тусгайлан хичээл заадаг байлаа. Тиймээс би их азтай хүн гэж өөрийгөө боддог. Эрдэм төгөлдөр олон лам багшаас бурханы ариун номыг сурна гэдэг хэмжээлшгүй их хувь хишиг хэмээн боддог.
TV ZONE: Та Дээрхийн Гэгээнтэн Далай ламын түүхэн цуврал айлдвар болох Жанчив Ламримыг зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаа нь Сера, Брайбун, Гандан болон Таши Лхүмбо хийдүүдэд зохион байгуулагдсан шүү дээ. Энэ тухай ярьж өгөөч?
Лин Ринбүчи: Тиймээ, Жанчив Ламрим номыг Богд Зонхова зохиосон. 18 өөр үе шаттай. Дээрхийн Гэгээнтэн Далай лам энэ номын дамжлагыг миний өмнөх дүрийн 6 дугаар Ёнзон Жавжэ Лин Ринбүчигээс авсан. Тиймээс одоо энэ номын дамжлагыг үргэлжлүүлэх нь миний үүрэг юм. Энэхүү ариун номын хурим жилд бараг нэг сар үргэлжилж, дөрвөн жил дарааллан явагдсан /2012-2015 он/.
TV ZONE: Уучлаарай, яг энэ том үйл ажиллагааны үеэр автомашины осолд орсон гэсэн, энэ тухай тодруулж болох уу?
Лин Ринбүчи: Энэ өдөр бол Жанчив Ламримын эхний өдөр байсан, би Дээрхийн Гэгээнтэн Далай ламтанг тосох гэж онгоцны буудал руу явах замдаа осолдсон. Тэгэхээр номын эхний өдөр би эмнэлэгт байсан гэсэн үг. Энэхүү номонд гадна дотны лам хуврага, сүсэгтэн олон гээд бараг 40 мянга гаруй хүн цуглаад байсан их том хурал ном болсон. Тийм ч учраас арын ажил зохицуулах зүйл ихтэй, наандаж хүрэлцэн ирсэн нийт хүмүүсийн цай хоол гээд, энэ бүгдийн ерөнхий зохицуулагч нь би байсан. Энэ номыг анх Дээрхийн Гэгээнтэнд айлтгаж, энэ бүгдийг эхлүүлэн том үүрэг хариуцлага хүлээгээд байсан болохоор ослын улмаас хариуцлага алдсандаа их харамсаж байлаа. Ослын улмаас миний баруун хөл дөрөв хугарч, зүүн хөлийн түнх мултарч 30% нь үлдсэн, олон жилийн эмчилгээний эцэст одоо 70% хүртэл нөхөгдөөд байгаа. Эмнэлэгт зөвхөн нэг талын хөлөнд л гэхэд гурван цагийн мэс ажилбар хийгдэж, мэс засал нийт 6 цаг үргэлжилсэн.
TV ZONE: Та энэ хүнд үед хэрхэн бясалгаж байв? хэрхэн даван туулав?
Лин Ринбүчи: Би энэ бүхнийг сөргөөр хүлээж аваагүй, эерэг талаас нь харсан. Нэгд, би үхээгүй амьд байгаа нь том аз завшаан шүү дээ. Хоёрдугаарт, толгойдоо ямар ч гэмтэл аваагүй. Жижигхэн шалбархай ч байгаагүй. Гуравдугаарт, нугасны гэмтэл аваагүй. Хэрвээ нуруу нугасны гэмтэл авсан бол үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрүүлэх байсан эсэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс би их азтай байна. Номын эхний өдөр осол болсноор энэ удаагийн номын барцад саад үүгээр дамжуулж ариллаа гэж бодит байдлыг эергээр хүлээн авч, өөр талаас нь харснаар сэтгэл санаа ч тайван болж энэ бүхнийг даван туулах хүч өгсөн. Мэдээж үүнийг хэлэхэд амархан, харин хийхэд хэцүү. Өвдөж зовсон үедээ зөвхөн өвчнөө бодоод байлгүй сайн сайхан зүйл бодож сэтгэл санаагаар өөдрөг бай, эмчийн зөвлөсний дагуу эмээ цагт нь ууж, амьдралын зөв хэвшлийг дадуулах хэрэгтэй.
TV ZONE: Орчин цагийн Монгол залуус бурханы шашны талаар хангалттай мэдлэггүй гэхэд болно. Буддын шашин гэж юу вэ?
Лин Ринбүчи: Буддын шашин бол маш эртний шашин юм. Ойролцоогоор 2600 жилийн өмнөөс буюу Шагжаамүни бурханаас эхэлдэг. Буддын гүн ухааны ном нь аливаа үзэл суртлыг сохроор дагах биш, логик эргэцүүллээр сэтгэн бодож, задлан шинжилж, асуудалд их ач холбогдол өгдөгөөс биш мухар сүсэг бишрэл биш юм. Ихэнх буддын шашинтай хүмүүс бурханы сургаалийг судалдаггүй. Тэд зүгээр л залбирч мөргөж, зан үйлийг сохроор дагадаг. Үүнээс үүдэж XVIII зууны сүүл, XIX зуунд хүмүүс шашныг сөргөөр харж эхэлсэн байдаг. Тэд шашин бол хор, нийгэм эдийн засагт хөнөөлтэй зүйл гэж үзэж эхэлснээр Орос, Хятад, Монгол гэхчилэн олон оронд коммунист үзэл дэлгэрсэн. Одоо үед Өрнөдийн орнууд шинжлэх ухааны баримт нотолгоог дагадаг. Тэд аливаа зүйлсийг оршин байгааг судлах явцдаа буддын сургаал нь шинжлэх ухааны нээлт ололттой нийцэж байгааг тогтоосон. Тиймээс хүмүүс одоо буддын сургаал нь бодит үнэнд тулгуурладаг гэдгийг мэдсэн. Аугаа шинжлэх ухаанч Эйнштэйн: “Орчин үеийн шинжлэх ухааны шаардлагыг хангасан шашин шүтлэг гэж байдаг л юм бол тэр нь Буддизм юм” гэж хэлсэн байдаг. Буддизм бол шинжлэх ухаантай ижилхэн тэр чигээрээ бидний эргэн тойрон, оршин буйг маш нарийн судалсан байдаг. Учир нь буддизм бол өөрөө шинжлэх ухаан юм. Өнөөгийн шинжлэх ухаан сэтгэл судлал тал дээр үнэхээр буддын гүн ухаанаас суралцах зүйл олон байна.
TV ZONE: Бурханы ном гэж юу вэ?
Лин Ринбүчи: Бурханы номын гол зорилго бол бидний оюун санааг хөгжүүлэх, муу сэтгэлийг зөв болгоход оршино. Энэ нь зөв сэтгэлийг дадуулах, дадуулахын тулд суралцахаас эхэлнэ. Тиймээс бид буддизмд суралцах хэрэгтэй. Зөвхөн зан үйл хийснээр бидний оюун ухаан хөгжихгүй. Зан үйл нь зөвхөн хөндлөнгийн барцад саадыг арилгах төдий юм. Гэсэн хэдий ч урт хугацааны буддизмыг судлах үйл явцад энэ нь маш чухал. Бид буддизмыг судалж оюун ухаанаа хөгжүүлснээр сэтгэлийн амар амгаланг мэдэрнэ. Сэтгэлийн амар амгалангаас биеийн амар амгалан ирнэ.
TV ZONE: Өнөөдөр Монгол оронд маш сайн эрдэм номд суралцсан лам хуврага цөөн байна. Манай лам хуврагуудын амьдрах орчин, суралцах нөхцөл бололцоо тийм ч таатай биш байгааг та харсан болов уу?
Лин Ринбүчи: Тэр үнэн. Энэ бол Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон миний хамгийн их санаа зовж байгаа асуудлын нэг төдийгүй монголчуудын хамгийн их анхаарах асуудал мөн. Одоо бол онцгой цаг үе. Тиймээс бид зөвхөн санаа зовох төдийхнөөр асуудлыг шийдэж чадахгүй. Бид асуудлыг шийдэх гарцыг олохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ нь тийм ч боломжгүй зүйл биш шүү дээ. Шашныг дэлгэрүүлэхийн тухайд сүм хийдүүдийг эхлээд хийд орон ямар байх ёстой тэр хэмжээнд хүртэл хөгжүүлэх хэрэгтэй. Нэн тэргүүнд сүм хийдүүдийн жасыг сэргээх, лам нарыг дотуур байртай болгох, лам нарын сургалтыг улам сайжруулах, сургалтын системд шинжлэх ухааны хичээлүүдийг оруулж өгөх гэхчилэн анхаарах зүйлс их байна. Бурханы шашин бол Монголын уламжлалт шашин төдийгүй дийлэнх монголчуудын шашин тул нийтээрээ хичээнгүйлэн зүтгэх хэрэгтэй.
TV ZONE: Бид яаж өөрсдийн уламжлалт бурханы шашныг хойч үедээ уламжлуулан дамжуулах вэ?
Лин Ринбүчи: Дэлхий дахинаа асар их өөрчлөгдөж байгааг та бид мэднэ. Бурханы шашин Монголын соёл уламжлалд асар их шингэсэн байдаг. Тиймээс монголчуудын өдөр тутмын амьдрал, ёс заншилд бурханы шашны сургаал номлол шингээгүй үлдсэн нь нэгээхэн ч үгүй. Аливаа шашин бол тухайн үндэстний дархлаа гэж би боддог. Өнөөгийн монголчуудад бурханы шашны талаарх ойлголт сайн биш болохоор хойч үедээ өвлүүлэн үлдээх соёл уламжлал бага болно. Тиймээс аль болох сургалтын системдээ уламжлалт соёл, гүн ухааныг оруулж өгсөнөөр улс эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийг энэрэнгүй, төлөв даруу, хамгийн чухал нь ёс суртахуунд суурилсан эрүүл зөв амьдрахад сургах нь гол юм. Бурханы шашин мөн чанараараа дахин сэргэснээр Монголын нийгэмд ёс суртахууны суурь болж өгнө.
TV ZONE: Орчин үеийн боловсрол буддын шашныг судлахад тус болох уу?
Лин Ринбүчи: Монголд орчин үеийн боловсрол харьцангуй өндөр хөгжсөн. Монголчууд улам илүү хөгжиж, өсөн дэвжих хэрэгтэй. Мөн ард түмэн эрүүл байх хэрэгтэй. Монгол орон энх тайван, амгалан байх хэрэгтэй. Орчин үеийн боловсрол дээр суурилж буддын шашныг судлах юм бол ойлгоц нь илүү хурдан байдаг. Өрнөдийнхөн буддын шашны үнэ цэнийг олж харж байгаа нь тэд маш сайн боловсролтойгоос үүдэлтэй. Дан ганц буддын шашин судлах нь маш урт удаан хугацаа шаарддаг. Орчин үеийн боловсролыг өндөр хэмжээнд суралцсан хэнд ч болов буддын шашинд суралцахад амар хялбар байдаг. Тиймээс ерөнхий боловсролын эрдмийг хичээгүйлэн суралцах аваас бурханы гүн ухаанд суралцахад сайн суурь болно.
TV ZONE: Та Монголын эдийн засгийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Лин Ринбүчи: Миний бодлоор монголчуудад нөөц боломж их байна. Монголын баялаг хөрс шороонд юу ч тарьсан ургах боломжтой. Амьтны гаралтай түүхий эд элбэг. Мөн уул уурхай ч хөгжих боломжтой. Хамгийн гол нь Монголын хүн ам 3 сая. Эерэг талаас нь харвал энэ маш том давуу тал болох боломжтой. Европын холбооны гишүүн Эстони улсыг жишээ болгон хэлэхэд, газар нутаг багатай арабын орнууд шиг газрын баялаг байхгүй, хүн ам нь дөнгөж 1.3 сая хэдий ч дэлхийн алдарт Skype IT компани тэнд байгуулагдсан байдаг. Эдийн засгийн хөгжлийн гол суурь бол боловсрол. Тиймээс өндөр боловсролтой чадварлаг ажиллах хүчин бол Монголын эдийн засгийн тулгуур хүч болно.
TV ZONE: Таны хувьд ном айлтгалууддаа Монгол, Төвдийн ижил төстэй байдал болон шашны хөгжлийн ирээдүйн талаар онцолж байсан. Энэ талаар ярихгүй юу?
Лин Ринбүчи: Гаднаас нь харахад бид царай зүсээрээ ч адилхан харагддаг. Бурханы шашинд Бага хөлгөн, Их хөлгөн гэж байдаг. Тэр дундаа эртний Энэтхэгт дэлгэрсэн их хөлгөний шашин, тэр дундаа Наладрын уламжлалт их хөлгөний шашин дэлгэрсэн нь Монгол болон Төвд орон юм. Одоогоор манай Төвд орон эрх чөлөөгүй байна. Тийм болохоор ирээдүйд Төвдөөс өөр хэн бурханы шашныг дэлгэрүүлж чадах вэ гэвэл зөвхөн монголчууд л чадна. Шашныг цааш цаашид хөгжүүлэн дэвшүүлж, дэлгэрүүлж чадах улс үндэстэн бол монголчууд гэж миний зүгээс маш их итгэж байгаа. Яагаад гэвэл, Төвдөд үнэхээр шид бүтээлийг олж, шалгарсан мэргэдүүд зөвхөн монгол лам нар байсан юм. Монгол хүний цусанд шингэсэн тэр гень, цус одоо ч та бүхний судсаар гүйж байгаа шүү дээ. Дрепун /Балдан Брайван хийдийн Гомон дацан/-д гадны 600-700 лам шинээр ирж суралцдаг. Үүнтэй адил Сераже болон гандан хийдүүдэд бараг мянга шахуу лам шавилан сууж байна. Тэдгээр лам нар эх нутагтаа эргэн ирээд бурханы шашныг ариун сайхнаар хөгжүүлэн дэлгэрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
TV ZONE: Багшийн ёс зүй гэж юу вэ?
Лин Ринбүчи: Багш буяны садныг шүтэх гэдэг үнэхээр чухал юм. Өнөөгийн нийгэмд багшийн ёс зүй доройтож, багш садныг шүтэх ёс доройтлоо гэхэд, багшийнхаа ач тусыг сайн санах хэрэгтэй л дээ. Хүмүгний нийгэмд ямар ч шашинтай, ямар ч язгууртай бай, баян ч бай, ядуу ч бай бүх хүн жаргалд тэмүүлж, зовлонгоос ангижрахыг хүсдэг. Зөв замд хөтлөх хүн бол ганцхан багш юм. Энэ үүднээс нь багшийгаа сайн хүндэлж, асарч бодох хэрэгтэй байдаг. Амьдрал дээр ч гэсэн харагддаг шүү дээ. Сайн эцэг, эх өөрийн хүүхдээ сайн хүмүүжүүлэхэд, хүүхэд эцэг эхийнхээ үгийг сонсох хэрэгтэй байдаг. Хүүхэд эцэг эхийнхээ үгнээс гажаад, хүндлэхгүй байх юм бол нийгэм үүнийг муугаар хардаг. Эцэг, эхийн энэ насанд хүргэсэн тэр их ач тусыг хэн боловч хариулахын төлөө хичээж, туслах үүрэгтэй байдаг. Тэгвэл багш гэдэг энэ нас төдийгүй хойд нас, бүр хойд хойдын насанд биднийг зөв зам мөрд хөтлөдөг болохоор багшийг хүндлэхээс өөр аргагүй юм. Энэ ойлголтыг хүн болгон ойлгож ухаарах хэрэгтэй.
TV ZONE: Бид хэрхэн лам багшийг сонгох вэ ?
Лин Ринбүчи: Энэ тийм амархан зүйл биш л дээ. Үүнийг тайлбарлавал их дэлгэр учир би товчхон хариулъя. Хамгийн түрүүнд уг хүний ёс суртахууныг шинжих хэрэгтэй. Тэрээр хэлж, зааж байгаа шигээ өөрийн явдал мөр нь ариун байж чадаж байна уу? Худлаа ярьж болохгүй гэвэл өөрөө ч бас худал хэлж үл болно. Тиймээс багшийн явдал мөрийг шинжих хэрэгтэй.
TV ZONE: Тантай ярилцахад гайхалтай байлаа. Та Монгол орноо жил бүр морилон ирж, номын хур буулгаж, хэзээ нэгэн цагт манай ард түмэнд Жанчүв ламримыг айлдах болтугай.
Ярилцсан: сэтгүүлч М.Хонгорзул
