Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › БНХАУ-ын Коммунист намын 19 дэх удаагийн их хурал эхэллээ

БНХАУ-ын Коммунист намын 19 дэх удаагийн их хурал эхэллээ

БНХАУ-ын эрх баригч Коммунист намын их хурлаар ирэх 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцээд зогсохгүй Хятадыг удирдах дараагийн манлайлагчид хэн байх вэ гэдгийг шийддэг. Хятадын дарга Си Жиньпин 2012 онд болсон Коммунист намын 18 дугаар хурлаар намын даргаар сонгогдож, төрийн тэргүүний албыг хашиж эхэлсэн бол энэ удаад байр сууриа хадгалж үлднэ гэж харж байна. Хятадын ард түмэн дунд ч нэр хүнд нь өссөөр байгаа юм. Их хурал дараагийн 7 хоног болтол үргэлжилнэ. Хурлын төгсгөлд Улс төрийн байнгын хорооны шинэ гишүүдийг танилцуулна гэж ажиглагчид хэлж байна. Нээлтэн дээр Хятадын дарга Си Жиньпин өнгөрсөн 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын амжилтаа илтгэж, Хятадын нийгэмд оруулсан өөрчлөлтөө дүгнэсэн юм. Тэрээр намын бүх гишүүдэд хандан ард түмэнтэйгээ нэгэн чиг шугамаар алхаж, үргэлж тэдний сайн сайхны төлөө байхыг уриалсан байна. Си Жиньпин эрх барих хугацаандаа авилгатай тэмцэх ажлыг нэн тэргүүнд тавьж, олон арван эрх баригчийг шийтгэсэн нь дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан. Мөн Коммунист намыг бүрмөсөн цэвэрлэж, дэг журамд оруулна гэдгээ 19 дүгээр их хурлын үеэр амлажээ. Их Хуралтай холбогдуулан Хятадын нийслэл Бээжин хот аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалж, гудамж талбай бүрт их хурлын дүрс, зураг, реклам чимэглэлийг байршуулсан байна. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүдэд нэмэлт шалгалт хийж байна. Мөн зоогийн газрууд, фитнесс төвүүд, шөнийн цэнгээний газар, караокенуудыг түр хугацаанд хааж, хотын төв хэсэгт орон байр захиалах үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Их хуралд оролцохоор 2,354 төлөөлөгч уригдсан байна. Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лю Юншан томилогдон ажиллаж байна.