Альберт Эйнштейний таамаглал дэвшүүлж байсан таталцлын долгионыг эрдэмтэд нотолжээ
Алдарт физикч Альберт Эйнштейний 100 жилийн өмнө таамаг болгон дэвшүүлж байсан таталцлын долгион үнэхээр байдаг гэдгийг АНУ-ын хэсэг эрдэмтэд нотолж, огторгуйн физикт цоо шинэ нээлтийг хийгээд байна. Тэд мөн энэхүү нээлтээрээ энэ жилийн Нобелийн физикийн шинжлэх ухааны салбарын шагналыг авахаар болоод байгаа юм.
АНУ-ын эрдэмтэд манай гаригаас 130 сая жилийн цаана орших хоёр одны мөргөлдөөнийг дуран авай ашиглан анх удаагаа ажигласан бөгөөд хоёр од буюу өндөр масстай биет мөргөлдсөний улмаас сансар огторгуйд таталцлын долгион үүсч, огторгуй болон цаг хугацаанд усны гадаргуун дээр үүсдэг шиг долгио, намираа үүсдэг гэдгийг батлаад байгаа юм. Анх энэхүү таамаглалыг Альберт Эйнштейн 100 жилийн өмнө дэвшүүлж байсан ч тухайн үедээ батлаж чадаагүй юм. Олон улсын эрдэмтдийн хамтран явуулсан энэхүү ажиглалтаар мөн хоёр од мөргөлдөх явцад алт, цагаан алт болон бусад хүнд металууд сансарт цацагдсаныг мөн ажигласан бөгөөд мөргөлдөөнөөс үүдэлтэй таталцлын долгион 130 сая гэрлийн жилийг туулан манай дэлхийд өнгөрсөн 8 дугаар сарын 17-ны өдөр мэдрэгдсэн талаар эрдэмтэд мэдээлээд байна. Мөн дээрх мөргөлдөөнөөс үүдэн сансарт огторгуйд цацагдсан хүнд метал элементүүдийн нийт жин манай гаригийн жингээс 16000 дахин хүнд байсныг тооцоолон гаргасан бөгөөд үүнээс зөвхөн алт гэхэд дэлхийг арав дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байсан гэж Харвардын их сургуулийн эрдэмтэн Эдо Бергер хэлсэн байна.
