Европын Холбоо Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болов
Европын Холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар даваа гаригт Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийн эсрэг дахин шинэ хоригийг авч хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Уг шинэ хоригийн хүрээнд Умард Солонгос улсад нийлүүлдэг түүхий газрын тосны экспортоо зогсоохоор болоод байна.
Европын Холбооны зүгээс Умард Солонгосын эсрэг тавихаар болоод байгаа энэхүү эдийн засгийн шинэ хориг нь тус улсын эсрэг 6 дахь цөмийн туршилтын эсрэг НҮБ-ын АЗ-өөс тогтоогоод байгаа 23-75 тоот тогтоолоос нэг сарын дараагаар ийнхүү биелэлээ олж, хэрэгжихээр болоод байна. ЕХ-ны зүгээс уг шинэ хориг арга хэмжээг Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа бэлэн мөнгөний эх үүсвэрийг хаах зорилгоор авч хэрэгжүүлэхээр болоод байгаа бөгөөд үүнд Умард Солонгос улсад үзүүлэх Европын бүх хөрөнгө оруулалтыг хориглон зогсоож, тус улсад нийлүүлдэг түүхий газрын тосны экспорт болон шатахуун түлшний худалдааг бүрэн хориглон зогсоохоор болоод байна. Мөн ЕХ-ны иргэд, хувь хүмүүс Умард Солонгос руу илгээх мөнгөний дээд хэмжээ 15000 евро байсныг 5000 евро буюу дээд талдаа 6000 ам.доллар илгээх заагийг тавиад байна. Мөн Умард Солонгосын ажилчид ЕХ-ны бүс нутагт ажиллах эрхийг цуцлаад байсныг үргэлжлүүлж, Умард Солонгосын 3 хувь хүн, 6 аж ахуй нэгжийн Европ дахь данс, хөрөнгийг царцааж, Европ руу аялах эрхийг нь хориглоод байгаа бөгөөд ингэснээр ЕХ-ны "хар жагсаалт"-нд багтсан Умард Солонгосын нийт иргэдийн тоо 104 болж, аж ахуй нэгжийн тоо хэмжээ 63-д хүрээд байна. ЕХ-ны гадаад хэргийн сайд нарын тохиролцоод байгаа энэхүү шинэ хоригоос гадна даваа гаригт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин НҮБ-ын АЗ-өөс 2016 оны 11 дүгээр сард батлаж байсан Умард Солонгосын эсрэг хоригийн тогтоолын хэрэгжилтийг гүйцэтгэх тухай ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан байна. В.Путины уг зарлигийн дагуу ОХУ Умард Солонгосын 11 хувь хүн болон 10 аж ахуй нэгжийн эсрэг хориг тавихаар болсон байна.
