Иерусалим хотоос МЭ 2 дугаар зууны үеийн задгай театрын туурь олджээ
Хагас дутуу баригдсан, МЭ 2 дугаар зууны үед харьяалагдах амфитеатр буюу задгай театрын барилгын туурь Иерусалим хотоос олдсон байна. Ромын эзэнт гүрний үед харьяалагдах энэхүү задгай театрын барилгын туурийг Иерусалим хотын Баруун хананы ойролцоох газар доороос Израилийн археологичид олж илрүүлсэн байна. Мэсчин боолуудын тулаан явагддаг байсан том хэмжээний амфитеатртай харьцуулахад энэхүү театр нь жижиг бөгөөд 200 хүний суудалтай уг театрыг урлагийн тоглолт болон хотын зөвлөлийн уулзалтыг зохион байгуулах зорилгоор барьж байсан болов уу гэж судлаачид таамагдаж байна. Мөн энэ төрлийн амфитеатрын туурь анх удаагаа Иерусалимаас олдож байгаа нь энэхүү археологийн олдворын гол онцлог болж байгааг судлаачид тодотгосон байна.
