Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Нойргүйдлийг хэрхэн ялах вэ?

Нойргүйдлийг хэрхэн ялах вэ?

Дэлхийн хүмүүсийн 95% нь амьдралдаа ядаж нэг удаа нойргүйдэж үзсэн байдаг. Унтах гэж яаж ч ядаад унтаж чадахгүй хөрвөөн зовно. Унтаж чадахгүй нь гэж бодох тусам нойр хүрэхгүй, шөнөжин зовдог. Үүнээс болоод унтаж чадахгүй байх вий гэж айх рефлекс тогтох нь бий. Нойр нь хүрээд суугаагаараа зүүрмэглэн нүд нь анилдах мөртөө орондоо оронгуут нойр нь “яваад өгдөг”. Унтахгүйгээр орондоо хэвтэх тусам нойргүйдэл улам даамжирдаг аюултай, тиймээс унтахгүй байвал босоод ажлаа хийх, ном унших зэргээр хэсэг байгаад, нойроо дахин хүрэхийг хүлээвэл зүйтэй. Хэрэв та зөвхөн насанд хүрэгсэд л нойргүйтэлтэй тулгардаг гэж бодож байгаа бол – үгүй: 1 – 5 насны хүүхдүүдийн 25 %нь нойргүйддэг. Өсвөр насныхан нойр хэвийн бус болсноос болоод депресст орох, бэлгийн хөгжилд нь муугаар нөлөөлөх зэрэг байдал илэрдэг.

Нойргүйдэлд хамгийн ихээр өртдөг хүмүүс бол - Дунд насныхан юм учир нь ажлын ачаалал, амьдралын элдэв асуудал ихтэй байдаг нь энэ насныхан нойргүйдэх үндсэн шалтгаан болдог. Харин 65 – аас дээш насныхны нойргүйдлийн шалтгаан нь – огт өөр: эрүүл мэнд муудсанаас, тоймгүй олон эм уудгаас, амьдралын түвшин буурснаас, өдрийн дэглэм алдагдсанаас организмынх нь дотоод цаг өөрчлөгдсөнөөс гэх зэрэг шалтгаантай байдаг. Мөн настай хүмүүст хуурамч нойргүйдэл их тохиолддог. Хуурамч нойргүйдэлтэй хүн зөвхөн сэрсэн үеүүдээ л санаад, хооронд нь унтсан гэдгээ мэдэхгүй, өөрийгөө цурамхийлгүй хоносон мэтээр боддог.

Эрдэмтэд нойртой холбоотой 82 өвчин байдгийг тогтоосон байдаг. Эдгээр өвчний ихэнхи нь нойрыг хэвийн бус болгоод зогсохгүй амьдралын сайн сайхныг ч биднээс авч оддог. Нойргүйдэл гээч гай насанд хүрсэн хүмүүсийн 15% - ийг хэдэн сар, тэр ч байтугай хэдэн жилээр тарчлаан зовоох тохиолдол олон. Нойргүйдэл хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлдгийн учир нь нойрсож байх үед тархины болон бусад эд эсэнд өдрийн турш хуримтлагдсан олон чухал биологийн идэвхит бодиснууд “агуулахаасаа” гарч хэрэгцээт газрууд руу очдог. Мөн олон төрлийн гормон зөвхөн нойрсож байх үед боловсрон гарч шууд хэрэглэгдэхээс гадна нөөцлөгдөж байдаг. Дархлааны эсрэг биесийн “үйлдвэрлэл” ч нойрон дунд идэвхжинэ, мэдрэлийн систем ба оюуны үйл ажиллагаанд нойр онц чухал үүрэгтэй гэдгийг хэн ч мэдэх билээ.

Хэвийн нойр гэж юу вэ? Нойр нь таван циклээс бүрдэх агаад цикл тус бүр 90 минут орчим үргэлжилдэг. Цикл бүр 4 үед хуваагдах бөгөөд үүний хоёр нь бүрэн, гүн нойрны үе байна.