Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Бразилын Үндэсний Олимпийн Хорооны даргыг авилгын хэргээр ба

Бразилын Үндэсний Олимпийн Хорооны даргыг авилгын хэргээр баривчлаад байна

Өнгөрсөн жил Бразил улсад зохиогдсон "Рио-2016" зуны Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авахын тулд Бразилын улс төрчидтэй үгсэн хуйвалдсан, авилгал өгсөн гэх хэргийн дагуу Бразил улсын Үндэсний Олимпийн Хорооны дарга Карлос Артур Нузманыг баривчилсан байна.

Бразилын шүүх, цагдаагийн байгууллагын хамтран шалган мөрдөж байгаа "Шударга бус тоглоом" нэртэй тусгай ажиллагааны хүрээнд ийнхүү Бразилын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн Карлос Артур Нузманыг баривчлаад байна. Түүнийг Бразилын улс төрчидтэй үгсэн хуйвалдаж, 2016 оны зуны Олимпийн наадмыг Рио Де Жанейро хотод зохион байгуулах эрхийг олж авахын тулд авилгал өгсөн гэх хэрэгт буруутган баривчлаад байгаа юм. Өнгөрөгч сард Бразилын цагдаа нар дээрх хэрэгтэй холбогдуулан түүний гэрт нэгжлэг хийсэн юм. Мөрдөгчид Бразилын улстөрчдийн зүгээс Рио Де Жанейро хотод Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг олж авахын тулд ОУОХ-ны эрх мэдэл бүхий Сенегал улсын төлөөлөгчийн хүү болох Папа Массата Диак-т 2 сая ам.доллар шилжүүлж, авилгал өгсөн хэргийн зуучлагчаар Карлос Артур Нузманыг ажилласан гэж үзэн, шалгаж байгаа юм. Хэрэв үнэхээр авилгал өгсөн нь батлагдвал Карлос Артур Нузманаас гадна уг хэрэгт холбогдсон Бразилын олон улс төрчдийн нэрс олон нийтэд дэлгэгдэхээр болоод байна.