Казуо Ишигуро Нобелийн утга зохиолын шагнал хүртлээ
2017 оны Нобелийн шагналтнуудын нэрс үргэлжлэн тодорсоор байна. Өчигдөр Шведийн Академийн зүгээс энэ жилийн утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг танилцууллаа. Мэдээллийн дэлгэрэнгүйд анхаарлаа хандуулна уу.
Нобелийн шагнал олгох хороо, Шведийн Академийн зүгээс 2017 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Их Британий зохиолч Куазо Ишигуро-д олгохоор болсон байна. Дээрх мэдэгдлийг пүрэв гаригт Шведийн нийслэл Стокгольм хотноо Шведийн Академийн нарийн бичгийн дарга Сара Даниус уншиж танилцуулсан байна. Япон улсад төрсөн, Их Британий иргэн, зохиолч Казуо Ишигуро-д бичиж, туурвисан бүтээлүүдээрээ хүн төрөлхтний дүрслэн бодох сэтгэхүйн хил хязгаарт хүрч чадсан явдлыг нь үнэлэн уг нэр хүндтэй шагналыг олгохоор болсныг тэрээр онцолжээ. Казуо Ишигуро-н Нобелийн шагналыг дагалдан 9 сая швед крон буюу 1.1 сая ам.долларын мөнгөн шагнал түүнд очихоор болж байгаа юм. Өнгөрсөн жил уг шагналыг Америкийн фолк уран бүтээлч, дуучин Боб Дилан өөрийн дуунуудын шүлгээрээ хүртсэн нь олны анхаарлыг татаж байсан бол энэ жил ийнхүү үргэлжилсэн үгийн зохиолч Нобелийн шагналыг хүртэж байна. Өнөөдөр Нобелийн энх тайвны шагналтны нэр тодрох бол ирэх долоо хоногийн даваа гаригт эдийн засгийн салбарын шагналтан тодрох болно.
