Las Vegas дахь алан хядлага
Өнгөрөгч Ням гарагийн үдэш АНУ-ын Лас Вегас хотын Манделэй Бэй казино, амралт зугаалгын цогцолборт зохиогдсон Route91 хэмээх дуу хөгжмийн наадмын үеэр буутай этгээд тус казино,зочид буудлын 32 давхараас гал нээж, одоогийн байдлаар 59 хүн амь насаа алдаж 520 орчим хүн шархдаад байна.
Сэжигтэн Невада мужийн Месквитагийн оршин суугч 64 настай Стефен Паддок цагдаа нарыг очиход аль хэдийн өөрийгөө буудаж амиа хорлосон байдалтай олдсон байна. Тэрээр Месквита хотын төв цэцэрлэгт хүрээлэн дэх орон сууцны менежерийн албыг хашдаг нэгэн байсан бөгөөд уг казиногийн зочид буудалд 9 дүгээр сарын 28-наас хойш байрлажээ. Тэрээр хамтран амьдрагч Марилу Дэнли хэмээх эмэгтэйн бичиг баримтыг ашиглан тус зочид буудалд буусан бөгөөд уг эмэгтэйг мөрдөх албаныхан хэргийн гол сэжигтнээр татаагүй байна. Цагдаа нарын мэдээллэж байгаагаар тус этгээд зочид буудлын өрөөндөө 23 галт зэвсэг хадгалж байсан бөгөөд энэхүү аймшигт явдлаас өмнө ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь тогтоогджээ. Хэвлэлийн бага хурал дээр Холбооны Мөрдөх Товчооны тусгай ажилтан Аарон Рүүс энэ хэргээс олон улсын хэмжээний террорист үйл ажиллагаатай ямар нэгэн холбоо харагдахгүй байгаа бөгөөд Паддокын тус хэргийг үйлдсэн шалтгаан нь юу байсан нь тодорхой бус байгааг хэлжээ . Исламын улс бүлэглэлийн зүгээс Стефен Паддокийг саяхан исламын шашинд орж, улмаар тус бүлэглэлийн зүгээс дээрх халдлагыг үйлдсэн гэж мэдэгдээд байгаа ч АНУ-ын эрх баригчдын зүгээс Исламын Улс бүлгэглэлийн дээрх мэдэгдлийг үгүйсгэж, Стефен Паддокийг дээрх халдлагыг ганцаараа төлөвлөн үйлдсэн гэж үзэж байгаа юм.
АНУ-н Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагийн өглөө Цагаан Ордонд тус хэрэгт гүнээ эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ энэхүү аймшигт алан хядлага нь “цэвэр хорон санааны үйлдэл” байлаа. Энэ хэрэг нь “АНУ-н түүхэн дэх хамгийн олон хүний амийг хөнөөсөн алан хядлага болж байна" гэжээ. Хохирогчдын ар гэрийнхэнд хандаж хэлэхдээ тэрээр “Бид та бүхний төлөө залбирч байна, мөн бид энэхүү хар бараан цаг үед та бүхэнтэй хамт байж бурханаас туслахыг хүсэж байна” хэмээн хэлсэн бөгөөд мөн твиттер хуудсандаа “ Би өөрийн зүгээс Лас Вегасд болсон алан хядлагын хохирогчдод гүнээ эмгэнэл илэрхийлэн мөн харамсаж байгаагаа илэрхийлж байна. Бурхан таныг ивээх болтугай” хэмээжээ . Түүнчлэн өнгөрөгч даваа гарагт энэ хэргийн хохирогчдод зориулан эмгэнэл илэрхийлэн Франц улсын Парис хотноо байрлах Эйффелийн цамхаг гэрлээ унтраажээ.
Стефен Паддок-ыг гал нээж эхлэх үеэр цугласан олон эхлээд юу болж байгааг мэдэхгүй, салют буудаж байна хэмээн бодсон талаараа ярьсан байна. Дараагаар нь буун дуу мөн болохыг таньж газар хэвтэн, улмаар буун дуу зогсох үеэр зугтаасан талаараа гэрчүүд ярилцлага өгчээ.Лас Вегас хотын албаныхан хотын оршин суугчдаас бэртэж гэмтсэн олон зуун хохирогчдод цусаа хандивлахыг уриалж, олон зуун хүн цусаа өгч эхлээд байгаа юм.
Өмнө нь АНУ-ын Колумбайн, Сэнди Хүүк, Орландо, Виржиниа Тек зэрэг хотуудад олныг хамарсан аллага үйлдэгдэж байсан хотуудын тоонд ийнхүү Лас Вегас хот багтан орж ирж байна. Лас Вегаст гарсан энэхүү үйл явдал галт зэвсгийн хяналтын хууль, дүрэм журмыг шинэчлэх асуудлыг хөндөөд байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Конгресс дахь Ардчилсан намын хууль тогтоогчдын зүгээс галт зэвсгийн хуулийг шинэчлэхийг аль ч үед шаардсаар ирсэн юм. Харин хэрэг явдал гарсан Невада муж нь Америкийн нэгдсэн улсын галт зэвсгийн хамгийн сул хуультай муж юм. Тус мужид гэрчилгээгүй галт зэвсэг худалдан авч, биедээ авч явахыг зөвшөөрдөг тийм л сул дүрэм журам үйлчилдэг байна. Ням гаригийн халдлагыг үйлдсэн этгээд ямар төрлийн зэвсэг хэрэглэж, мөн тэдгээр зэвсгийг хэрхэн яаж олж авсан талаарх мэдээлэл тун бага байгаа юм. Ямартай ч хэргийн газар ажилласан зэвсгийн шинжээч хагас автомат бууг тусгай хэрэгслээр тоноглож, бүрэн автомат болгосон байсан гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
