Улсын мөнгөөр хувийн ажлаа амжуулахаар ниссэн Эрүүл мэндийн сайд огцорчээ
АНУ-ын Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга Том Прайс хувийн зорилгоор 20 гаруй удаа ниссэн төлбөртөө татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан нь ил болсны дараагаар буюу өнгөрсөн баасан гаригт албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон байна. Түүний энэхүү үйлдэлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дургүйцлээ илэрхийлсний дараагаар Том Прайс огцрох өргөдлөө өгсөн бөгөөд Дональд Трамп өргөдлийг нь хүлээн авсан талаар Цагаан Ордноос мэдээлжээ. Том Прайс өнгөрсөн тавдугаар сараас хойш ойролцоогоор 400000 гаруй ам.долларыг хувийн зорилготой нислэгүүддээ ашигласан талаар Politico мэдээллийн агентлаг мэдээлээд байна. АНУ-ын засгийн газрын албан тушаалтнууд ажлын шугамаар нилээд аялдаг ч төсвийн хөрөнгийг хэмнэх үүднээс аль болох иргэний зорчигч тээврийн онгоц болон галт тэргийг сонгодог бол Том Прайс дээрх мөнгийг өөрийн хувийн онгоцондоо зориулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлогчоор Дон Райтыг нэрлэн томилжээ. Мөн үүсээд байгаа энэхүү асуудалтай холбогдуулан Цагаан Ордноос засгийн газрын ажилтнуудын албаны зориулалттай аяллын шинэ журмыг гаргахаар болсон байна. Шинэ журмын дагуу бүх аяллын төлбөрийг Цагаан Ордны зүгээс батлахаар болсон байна.
