Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ОХУ "РС-12М Тополь" тив алгасагч баллистик пуужингийн туршил

ОХУ "РС-12М Тополь" тив алгасагч баллистик пуужингийн туршилт явуулжээ

Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын техник, технологийг хөгжүүлэх зорилгоор Москва-гийн зүгээс "РС12М Тополь" загварын тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг өнгөрсөн мягмар гаригт явуулаад байна. Энэ нь тус улсын зүгээс энэ сард явуулсан баллистик пуужингийн 3 дахь удаагийн туршилт болж байгаа юм.

Оросын өмнөд хэсгийн Капустин Яр хэмээх туршилтын төвөөс "РС-12М Тополь" загварын баллистик пуужинг харваж, улмаар уг пуужин Казахстан улсын нутаг дэвсгэрт байрлах  Сары-Шаган дахь туршилтын төвд байрлуулсан байгаа онож, туршилт амжилттай явагдсан талаар ОХУ-ын Батлан хамгаалар яамнаас мэдээлжээ. Москва-гийн зүгээс өнгөрсөн 2 долоо хоногийн дотор "РС-24 Ярс" загварын тив алгасагч баллистик пуужингийн хоёр ч туршилтыг амжилттай явуулаад байгаа юм. Ажиглагчид Оросын дээрх пуужингууд нь хөдөлгөөн удирдах, чиглэл өөрчлөх системтэй бөгөөд THAAD гэх зэрэг пуужингийн довтолгооноос хамгаалах АНУ-ын системүүдийг нэвтлэн гарах чадвартай гэж үзэж байгаа юм.

ОХУ-ын батлан хамгаалах салбарын өөр нэгэн мэдээллийг хүргэхэд тус улс химийн зэвсгээ бүрэн устгаж дуусгах сүүлчийн шатандаа ороод байгаа талаараа мэдэгдээд байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэлснээр төлөвлөсөн хугацаанаасаа 3 жилийн өмнө Орос улс химийн бүх зэвсгээ устгаж дуусч байгаа гэсэн байна. Мөн тэрээр ОХУ химийн зэвсгийнхээ бүх нөөцийг устгасан үйлдлээ "түүхэн үйл явдал" гээд тус улстай тохиролцсон АНУ-ыг санхүүгийн шалтгаан тоочин, химийн зэвсгээ бүрэн устгахгүй байгаа явдлыг хурцаар шүүмжилсэн байна.