Мексик улсын хилийн дагуу босгох хананы загварыг бүтээж эхэлсэн байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэл дагуулсан амлалтын нэг болох АНУ-Мексикийн хилийн дагуу хана босгох ажил биелэлээ олж эхлээд байна. Хилийн дагуу босгох хананы загварыг бүтээх ажил хоёр хоногийн өмнөөс эхэлсэн талаарх мэдээллийг хүргэе.
Америк, Мексикийн хилийн дагуу босгох тус бүр 9 метр өндөртэй, ган төмөр каркас бүхий 8 загвар ханыг бүтээх ажлыг гэрээт гүйцэтгэгч компани өнгөрсөн мягмар гаригт Сан Диего хотноо эхлүүлсэн байна. Эдгээр 8 хана тус бүр өөр өөр хэлбэр загвартайгаар бүтээгдэх бөгөөд тэдгээрээс эцсийн загварыг сонгон, тухайн сонгогдсон загварын дагуу нийт 1600 км-ийн урттай ханыг хоёр улсын хилийн дагуу босгохоор төлөвлөжээ. Сан Диего хотын хил хамгаалах албаны дарга Рой Виллареал-ын хэлснээр дээрх 8 хананы 4-ийг нь бетоноор хийх бол бусад 4-ийг нь одоогоор тодорхой болоогүй материалаар хийх болно гэжээ. Ямартай ч дээрх загваруудыг гаргахдаа хананы цаад талын үзэгдэх орчныг харагдах боломжтойгоор бүтээх болно гэсэн байна. Хилийн дагуу хана босгох төлбөрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мексик улсаас шаардаж, Мексик улс татгалзсан хариу өгсөн юм. Тэрээр 22 тэрбум ам.долларын өртгөөр босох ханыг ямар нэгэн арга замаар Мексик улсаар төлүүлэх болно гэсэн байр сууриа хадгалсаар байгаа юм. Хоёр өдрийн өмнө эхлээд байгаа хананы загварыг бүтээх ажлыг нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
