Сөүлийн олон улсын дуу хөгжмийн үзэсгэлэн нээгдэв
Өмнөд Солонгос улсын орчин үеийн соёл урлаг, тэр дотроо K-Pop урсгалыг олон улсад сурталчилан таниулах үүднээс зохион байгуулдаг Сөүлийн олон улсын дуу хөгжмийн үзэсгэлэн яармаг мягмар гаригт нээгдээд байна. Тус арга хэмжээ энэ жил 6 дахь удаагаа зохиогдож байгаа юм.
"Mu:Con" гэсэн нэрээрээ олон улсад танигдсан 2017 оны Сөүлийн олон улсын дуу хөгжмийн үзэсгэлэн яармаг Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын баруун хэсгийн Мапогу дүүрэгт өчигдөр нээгдээд байна. 6 дахь удаагаа зохиогдож байгаа энэ жилийн арга хэмжээг БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам болон Солонгосын Креатив Контент бүтээгчдийн агентлаг хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн яармаг үргэлжлэх 3 өдрийн хүрээнд арга хэмжээний гол цөм болсон K-Pop дуу хөгжмийн урсгалыг дэлхийн хэмжээнд сурталчилан таниулахаас гадна мөн дотоод, гадаадын дуу хөгжмийн үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд энтертэйнмент ертөнцийн өнөөгийн болон ирээдүйн төлөв байдлын талаар ярилцаж, санал бодлоо солилцохоор төлөвлөжээ. Мөн Солонгосын уран бүтээлчдийг гадаадын продюссеруудтай холбох тусгай хөтөлбөрүүдийг багтаасан байна. Үзэсгэлэн яармаг маргааш K-Pop урсгалын уран бүтээлчдийн тоглолтоор хаалтаа хийхээр төлөвлөсөн байна.
