У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг Ерөнхий cайдад нэр дэвшүүлэв
Хоёр хоногийн турш үргэлжилсэн Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурал өндөрлөж Намын 9-р бага хурал эхэллээ. Намын удирдах зөвлөлөөс Монгол Улсын 30 дахь Ерөнхий Сайдад УИХ-ын гишүүн Өлзийсайханы Энхтүвшин, Нямаагийн Энхболд болон Монгол Улсын Шадар Сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын нэрийг дэвшүүлсэн байна. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшиж буй эрхмүүдийн хувьд аль аль нь намын ууган кадр, мөн гүйцэтгэх засаглалын тэргүүний албыг хаших бүрэн чадвартай гэж үзсэн учраас удирдах зөвлөлөөс санал болгожээ. Хуралдаанд оролцож буй нийт гишүүдийн 50 дээр нэмэх нь 1 саналыг авсан нэр дэвшигчийг Ерөнхий Сайдад нэр дэвшүүлэхээр их хуралд өргөн мэдүүлэх юм байна. Намын 9-р бага хурал 310 гишүүнтэй. Хуралдаанд 180 гишүүн оролцож байна. Ингэж тооцвол 91 гишүүний санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн үг юм .
9-р бага хурлаас гарсан шийдвэр буюу Монгол Улсын 30 дахь Ерөнхий Сайдын томилгоо ирэх 2020 оны ялалт ялагдлыг шийднэ гэдгийг ч бага хурлын гишүүд хэлж байлаа. Нөгөөтэйгүүр Монгол ардын нам олонхи байхдаа анх удаа Засгийн газраа огцруулсан. Сайн муу үр дагавар бүрийг хамтдаа үүрэх ёстойг намын дарга улстөрийн илтгэлдээ хэлж байлаа. Харин намын их хурлыг 2017 оны 11-р сарын 20,21-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтжээ. Намын 28-р их хурлаар Монгол ардын нам шинэ даргаа сонгоно, үүнээс гадна одоогийн байгаа удирдах зөвлөл болон бага хурал бүрэн бүрэлдэхүүнээ шинэчлэгдэх юм байна.
Нэр дэвшигчээс хэн нь ч ялсан бай намын эв нэгдэл хангаж, эдийн засгийн бэрхшээлийг давж ажиллах хариуцлагатай даалгавар авч байгааг бага хурлын гишүүд хэлж байлаа. Хэдий бага хурлын гишүүдийг саналын хувьд хайрцаглаагүй гэж мэдэгдэж байгаа ч Монгол Улсын 30 дахь Ерөнхий Сайд хэдийнээ тодорхой болсон гэх албан бус мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа юм. Монгол Ардын Намын 9-р бага хурал үргэлжилж байна.
