Мариа хар салхинд өртсөн арал улсуудын хохирлын хэмжээг тооцон гаргажээ
Өнгөрсөн долоо хоногт Кариббын тэнгисийн арал улсуудыг дайран өнгөрсөн 250 км/цагийн хурдтай, маш хүчтэй Мариа далайн хар салхины учруулсан хохирлын хэмжээг тооцоолон гаргасан байна. Уг хар салхины улмаас Кариббын тэнгисийн бүс нутагт нийтдээ 15 хүн амь үрэгдэж, 20 хүн ор сураггүй алга болсон байна. Хар салхинд нэрвэгдэж, үлэмж хохирол амссан улс бол Пуэрто-Рико юм. Тус арал улсад орон даяар тог цахилгаан тасарч, автозамууд нэлэнхүйдээ үерийн усанд усанд автаж, хөрсний гулсалт явагдан, олон зуун байшин барилга эвдэрч сүйдээд байгаа юм. Мариа хар салхин нь Пуэрто-РИко улсад сүүлийн 90 жилд тохиогоогүй маш хүчтэй хар салхи байсан талаар албаныхан мэдээлжээ. Тус арал улсын эрх баригчдын хэлснээр тог цахилгааны эвдрэлийг бүрэн засахад нилээд хэдэн сарын хугацаа шаардлагатай талаар онцолсон байна. Мөн хар салхинд өртсөн Бүгд найрамдах Доминик улсад 4000 орчим жуулчныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан байна.
