Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мексикт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Мексикт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Өнгөрсөн шөнө Мексик улсад 7,1 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт тус улсын нийслэл Мехико болон Морелос, Пуэбла мужуудад мэдрэгдэж, их хэмжээний гарз хохирол учруулаад байгаа юм. Одоогоор газар хөдлөлтийн улмаас 140 орчим иргэн амь насаа алдсаныг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжууллаа. Мехико хотын сургууль нурж, хичээллэж байсан хүүхдүүд нурангид дарагдаад байгаа юм байна. Аврагчид хүүхдүүдийг эсэн мэнд аврахаар ажиллаж байна. Энэ сарын эхэнд Мексикт 8,1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 90 гаруй хүн амиа алдсан тухай бид мэдээллэж байсан. Мөн 1985 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Мехико хотын орчимд 8,0 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 10,000 хүн амь эрсдэж байсан бол 32 жилийн дараа яг энэ өдөр дахин газар хөдөллөө. Мягмар гаригт газар хөдлөхөөс хэдхэн цагийн өмнө нийслэлийн иргэд 32 жилийн өмнө амиа алдсан иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлээд байсан юм. Энэ удаагийн газар хөдлөлтийн голомт Пуэбла мужийн Атенкинго хотын ойролцоо, хөрсний гүний 51 км-т орон нутгийн цагаар 13 цаг 14 минутанд бүртгэгдсэн байна. Мехико хотоос 120 км орчим зайтай болжээ. Нийслэлд 36 хүн амиа алдаж, олон арван байшин барилга нурсны дээр 3,8 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй, утасны сүлжээгүй байгааг мэдээллээ. 20 сая гаруй оршин суугчтай хотын иргэд газар хөдөлж эхлэх үед томоохон өрөмдөгч машин ажиллаж байна хэмээн андуурсан байна. Нийслэл хотод нийт 44 байршилд аврагчид ажиллаж байгаа юм. Харин Морелос мужид 64 хүн амиа алдсан бол Пуэбла мужид 30 орчим хүн амь эрсэдсэн байна. Нисэх буудлууд газар хөдөлсний дараа түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан ч эргэн ажиллаж эхэлжээ.