Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Лондон хотын McDonald's компаний ажилчид ажил хаялт зарлажээ

Лондон хотын McDonald's компаний ажилчид ажил хаялт зарлажээ

Түргэн хоолны McDonald’s сүлжээ компаний Их Британи улс дахь салбарын ажилчид түүхэндээ анх удаагаа ажил хаялт зарласан байна. Макдональдс компани тус улсад 43 жилийн өмнө байгуулагдаж байсан бөгөөд энэ хооронд ажил хаялт зарласан тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй юм байна. Их Британий нийслэл Лондон хотын Кембриж болон Крейфорд тойрогт байрлах Макдональдс компаний 2 салбарын ажилчид нэг цагт авдаг ажлын хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан уг ажил хаялт, эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Тэд нэг цагт авдаг 11 евро-гийн цалинг нэмж, ажлын цагийн хуваарийг өөрчлөхийг шаарджээ. Харин Макдональдс компаний төлөөлөгчийн мэдэгдсэнээр ажил хаялт зарласан эдгээр ажилтнууд нь цалин, хөдөлмөрийн гэрээний асуудал гэхээсээ илүү "гомдол" тайлах хувийн шалтгааны улмаас уг эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулсан гэжээ. Мөн тэрээр компаний зүгээс ажилчиддаа баталгаатай цагийн хуваариар буюу тогтмол цагийн хуваарийн дагуу ажиллах гэрээг санал болгодог ч нийт ажилтнуудын 86 хувь нь хөдөлгөөнтэй буюу чөлөөт цагийн хуваарийн гэрээг сонгон байгуулсан байдаг гэж тайлбарласан байна. Макдональдсийн ажилчдын ажил хаялтыг дэмжсэн жижиг хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээнүүд Их Британи улсын 14 хотод мөн зохиогдсон бөгөөд тухайн цаг мөчид АНУ болон Бельги улс дахь Макдональдс компаний салбарын ажилчид мөн ажил хаялт зарласан байна.