Ханхүү Уилльям, түүний эхнэр Кейт нар гурав дахь хүүхдээ хүлээж байна
Их Британий ханхүү, Кембрижийн гүн Уилльямын эхнэр Кейт давхар биетэй болсон талаар даваа гаригт Кенсингтоны Ордноос албан ёсоор мэдэгдлээ. Тус ордноос гаргасан албан ёсны мэдэгдэлд Уилльямын гэр бүл гурав дахь хүүхдээ хүлээж байгаа бөгөөд энэхүү мэдээг Их Британий хатан хаан Элизабет болон хатан хааны гэр бүлийнхэн маш баяртайгаар хүлээн авсныг дурьдсан байна. Уилльям, Кейт нарын анхны хүү Жорж одоо 4 настай бол гүнж Шарлотта 2 настай бөгөөд тэдний гурав дахь хүүхэд эцэг Уилльям, авга ах Харри болон өөрийн төрсөн ах, эгч хоёрынхоо дараагаар Их Британий хаан ширээний 5 дахь залгамжлагч болох юм. Кембрижийн гүнгийн авхай Кейтийн хувьд жирэмсний хордлого өгч эхлээд байгаа тул зарим албан ёсны уулзалтуудаа цуцлахад хүрсэн бөгөөд түүнийг Кенсингтоны ордонд эмчийн хяналтанд оруулсан гэжээ.
