Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › 90000 орчим рохинжа нар Мьянмар улсыг орхин гараад байна

90000 орчим рохинжа нар Мьянмар улсыг орхин гараад байна

Мьянмар улсын үндэстний цөөнх болох муслим шашин шүтлэгтэй рохинжа ястан болон Мьянмарын зэвсэгт хүчнийхний хооронд өнгөрөгч сард гарсан мөргөлдөөний улмаас рохинжа нарыг олноор нь устгаж, хядаж байгаа хүчирхийллээс үүдэн сүүлийн 10 хоногийн дотор ойролцоогоор 90000 хүн Мьянмар улсын Рахине мужийг орхин гарч, Бангладеш улсыг зориод байгаа талаар НҮБ-ын зүгээс мэдээлээд байна. Мьянмарын армийн зүгээс рохинжа нарын амь насыг хөнөөх, хүчирхийлэх, хүчиндэх, орон гэрийг нь галдан шатаах зэрэг үйлдлүүдийг явуулж байгаа учраас олон зуун жилийн өмнөөс суурьшин амьдарч байгаа Рахине мужаа орхин гарахаар болсон гэж тэд тайлбарлаж байна. Харин Мьянмар улсын засгийн газар болон армийн зүгээс рохинжа нарын энэхүү тайлбарыг үгүйсгэсээр байгаа юм. Даваа гаригийн байдлаар Мьянмар Бангладешийн хилийн ойролцоох бүсэд их буугаар хоёр удаа галласан бөгөөд мөн буудалцааны чимээ сонсогдсон байна. Бангладешийн эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа рохинжа нарын дунд буудуулсан шархтай хүмүүс олноороо ирж байгаа талаар мөн тус улсын эмч нар мэдэгджээ. Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг зарим хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд өөрсдийн ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хүчирхийлэл үйлдэгдэж байгаа Рахине муж дахь үйл ажиллагаагаа зогсоосон талаараа мэдэгдэж байна. Мьянмар улсад үүсээд байгаа энэхүү нөхцөл байдал муслим шашинтай  хэд хэдэн улс орнуудын дургүйцлийг төрүүлж, зарим улсад эсэргүүцлийн хөдөлгөөн зохиогдож эхлээд байна. Чеченийн Грозный хотод 10000 орчим хүний эсэргүүцлийн жагсаал болсон байна. 8 дугаар сарын 25-наас эхэлсэн рохинжа болон Мьянмарын армийн хоорондох мөргөлдөөний улмаас доод тал нь 400 хүн амь үрэгдээд байгаа гэж мэдээлжээ. Мьянмар улсын засгийн газраас үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлыг рохинжа үндэстний террористууд тус улсад томоохон хэмжээний халдлага зохион байгуулахаас сэргийлж, дайтаж байгаа гэсэн өнцгөөс тайлбарласан байна.