Умард Солонгос улс 6 дахь цөмийн туршилтаа явууллаа
БНАСАУ ням гаригт 6 дахь удаагийн цөмийн туршилтаа явуулаад байгаа талаарх мэдээллийг өнөөдрийн дэлхийн мэдээгээр онцлон хүргэхээр бэлтгээд байна. Умард Солонгос улс орон нутгийн цагаар ням гаригийн 12 цаг 30 минутын орчимд Пунггэри дэх цөмийн туршилтын бүсдээ устөрөгчийн бөмбөгийг туршсаныг Пхеньяны зүгээс болон мөн Өмнөд Солонгос улсын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын зүгээс батлан мэдэгдээд байгаа юм. Ингээд үйл явдлын дэлгэрэнгүйд анхаарлаа хандуулна уу.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын зүгээс ням гаригт хийсэн мэдэгдэлд орон нутгийн цагаар тухайн өдрийн 12:29 минутанд Умард Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын цэг болох Пунггэри орчимд 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэнийг мэдээлсэн бөгөөд мөн өдөр хийсэн хоёр дахь удаагийн мэдэгдэлдээ Умард Солонгос улс 6 дахь удаагийн цөмийн туршилтыг явуулсныг батлан мэдээлсэн юм. Мөн Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний нэгдсэн штабаас ням гаригийн уг цөмийн туршилтын үүдсэн газар хөдлөлтийн доргио, чичирхийллийн хэмжээ өмнөх туршилтуудаас хамгийн өндөр байсныг онцлоод, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний бүх анги, нэгтгэлүүд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байгааг мэдэгдсэн юм. Өмнөд Солонгосын цаг уурын судалгааны албанаас мөн Умард Солонгосын Пунггэри орчимд 5.7 баллын хүчтэй газар хөдөлснийг баталж, энэхүү газар хөдлөлт байгалийн бус гаралтай буюу цөмийн туршилтаас үүдэлтэй байж болзошгүй гэдгийг судалгааны тайлан дүнд үндэслэн онцолжээ. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний нэгдсэн штабын анхны мэдэгдлээс хагас цагийн дараагаар Пхеньяны зүгээс тив алгасагч баллистик пуужингийн хошуунд байрлуулах зориулалтаар багасгасан хэмжээтэйгээр зохион бүтээсэн устөрөгчийн бөмбөгийн туршилтыг амжилттай явуулснаа мэдэгдсэн бөгөөд тус улсын удирдагч Ким Чен Уны хэлснээр одоо тус улс хүссэн хэмжээгээр цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх боломжтой болсон гэсэн байна. Ким Чен Ун жижигрүүлсэн устөрөгчийн бөмбөгийг баллистик пуужингийн толгойнд суурилуулан туршсан уг туршилтыг биечлэн хянаж, үзсэн талаар Умард Солонгосын төв телевизийн уг мэдээнд уламжилж, туршилтаас өмнө түүний устөрөгчийн бөмбөгтэй танилцаж байгаа гэрэл зургуудыг дамжуулсан байна. Мөн уг устөрөгчийн бөмбөг нь 10-аас хэдэн зуун килотонны хүчин чадалтай бөгөөд уг бөмбөгийг бүтээхэд ашигласан бүхий л эд анги, бүтээгдэхүүн, бодис зэрэг нь 100 хувь тус улсад үйлдвэрлэгдсэн болохыг онцолжээ. Умард Солонгос улс 2016 онд 4 дэх болон 5 дахь цөмийн туршилтуудаа явуулсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сард явуулсан 4 дэх удаагийн туршилт нь устөрөгчийн бөмбөгийн туршилт байсан юм. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн 7 дугаар сард хоёр тив алгасагч баллистик пуужинг туршсан бол өнгөрсөн долоо хоногт дунд зайн тусгалт Хвасон-12 загварын пуужинг харван туршиж, уг пуужин нь Япон улсын Хоккайдо арлын дээгүүр нисэн өнгөрсөн юм. Мэргэжилтнүүд ням гаригийн устөрөгчийн бөмбөгийн судалгааг явуулсаар байгаа ба уг бөмбөгийг тив алгасагч болон ойрын зайн гээд аль загварын пуужингийн хошуунд суурилуулах боломжтой, төгс бүтээл болсныг онцолж байна. Ням гаригийн устөрөгчийн бөмбөгийн туршилтаас цаг хагас орчмын дараахан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жае Ин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааныг Хөх Ордонд зохион байгуулсан бөгөөд уг хуралдаанд оролцсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чун Юй Ён АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.Макмастертай утсаар холбогдон ярилцсан талаараа уламжилсан байна. Хуралдааны дараагаар олон нийтэд хандан хийсэн мэдэгдэлдээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жае Ин Умардын цөмийн туршилтанд харамсаж байгаагаа илэрхийлэн, тус улсын эсрэг урьд өмнө авч байгаагүй хамгийн хатуу ширүүн, хүчтэй хариу арга хэмжээг авч, "гэсгээн шийтгэх" болно гэж мэдэгдсэн байна. Энэ талаар түүний Мүүн Жае Ин-ий үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чун Юй Ён мэдэгдсэн бөгөөд тэрээр Умард Солонгос улсыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоох хүртэл ганцаардуулж, тусгаарлах хүчтэй арга хэмжээг авах болно гэж онцолсон байна. Мөн Мүүн Жае Ин Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр урьд өмнө байгаагүй их хэмжээний АНУ-ын цэрэг зэвсэг, стратегийн бие бүрэлдэхүүнийг буулгах асуудлыг Вашингтонтой ярилцах болно гэсэн байна.
Умард Солонгос улс цөмийн туршилтад харамсаж, мөн тус улсыг буруушааж байгаа талаарх мэдэгдлүүдийг бүс нутгийн гол тоглогч Хятад, Япон зэрэг улс орнуудын зүгээс мөн хийгээд байна. Хятадын зүгээс туршилтаас хэдэн цагийн дараагаар мэдэгдэл гаргасан бол Япон улс цөмийн туршилтаас цаг хагасын дараагаар мэдэгдэл гаргасан байна. Ням гаригт Бээжингээс хийсэн мэдэгдэлд Умард Солонгосыг Солонгосын хойгийн бүс нутаг дахь тогтвортой байдалд аюул заналхийлэл учруулж байгаа өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг уриалсан байна. Хятадын хувьд Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх шинэ хоригийн талаарх НҮБ-ын АЗ-н хуралдаан дээр ОХУ-ын хамт хориг тавьж, асуудлыг аль болох дипломат яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэхийг уриалж байсан бөгөөд Орос, Хятад улсууд Пхеньяны зүгээс зөвхөн тив алгасагч баллистик пуужингийн болон цөмийн туршилт явуулсан тохиолдолд л хориг арга хэмжээг дэмжих болно гэж байсан юм. Гэтэл Хятад улсын хувьд удаан хугацаанд бэлдсэн БРИКС-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн өдөр Умард Солонгос улс цөмийн туршилт явуулсан нь БНХАУ-ын дарга Ши Жинпиний хувьд нилээд асуудалтай үйл явдал боллоо. Энэ талаар барууны мэдээллийн агентлагууд Хятадын даргын хувьд нилээн ичгүүртэй үйл явдал болсон талаар бичиж байна. Гэсэн хэдий ч Ши Жиньпин БРИКС-ийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ хурцадмал асуудлыг аль болох олон талаас нь харахыг чухалчилсан нь Бээжингийн зүгээс цаашдаа ч Умард Солонгосын асуудлыг энхийн арга замаар шийдвэрлэх зарчмыг баримтлах төлөвтэй байгааг харуулаад байна. Хятадын Шиамэнь хотноо өчигдөр эхлээд байгаа БРИКС-ийн дээд хэмжээний чуулганы үеэр Хятадын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан бөгөөд энэхүү уулзалтын үеэр хоёр удирдагч цөмийн туршилттай холбогдуулан Умард Солонгосыг хаацайлж, хамгаалсан бодлогоо өөрчилж, дорвитой арга хэмжээ авах асуудлаар санал солилцсон ба цаашдаа Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсоох хүрээнд мэдээлэл солилцох, ойр хамтран ажиллахаар тохиролцсон талаар Хятадын Синхуа агентлаг мэдээллээ.
Япон улсын хувьд Умардын цөмийн туршилтаас цаг хагасын дараагаар албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд мөн тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Гадаад хэргийн сайд Таро Коно нарын хамт шуурхай хуралдааныг явуулж, улмаар Умард Солонгосын цөмийн туршилттай холбогдуулан НҮБ-ын АЗ-н яаралтай хуралдааныг зохион явуулах шаардлагыг гаргажээ. Умард Солонгос улс 6 дахь цөмийн туршилт явуулсанд НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш харамсал илэрхийлж, бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул заналхийлэл учруулж байгааг уламжлаад, Пхеньян энэхүү үйлдлээрээ олон улсын дүрэм журмыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсныг онцоллоо. Мөн тэрээр Солонгосын хойгт үүсээд байгаа хурцадмал асуудалд оролцогч бүх талуудтай "ойр холбоотой" ажиллаж байгаа бөгөөд Умард Солонгос улсыг цаашид энэ төрлийн өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг шаардсан байна. Өнөөдөр Өмнөд Солонгос, АНУ, Их Британи, Франц, Япон улсуудын хүсэлтээр Умард Солонгосын 6 дахь удаагийн цөмийн туршилтын асуудлаарх НҮБ-ын АЗ яаралтай хуралдах бөгөөд хурлын талаарх мэдээллийг маргаашийн дугаараараа хүргэх болно. НҮБ-ын АЗ хамгийн сүүлд сар орчмын хуралдаж, Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх эдийн засгийн шинэ багц хоригийг батлаж байсан юм.
АНУ-ын хувьд ерөнхийлөгч Дональд Трамп хувийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргаж, Умард Солонгос улсыг АНУ-д "маш ноцтой аюул учруулах" улс гэж нэрлэсэн байна. Мөн тэрээр Умард Солонгос улс энэхүү үйлдлээрээ Хятад улсыг ичгэвэртэй болон аюултай нөхцөл байдалд нэгэн зэрэг оруулаад байгааг дурьдаж, Умард Солонгос улстай аль болох зөөлөн, тайван, дуулгавартай харьцаж байгаа Өмнөд Солонгос улсын засгийн газрын арга барил ямар нэгэн үр дүнгээ өгөхгүй бөгөөд цаашдаа дорвиой хатуу чанга арга хэмжээ авахын чухлыг онцолжээ. АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Мэттис-ийн хийсэн мэдэгдэлд АНУ болон түүний хамсаатан, түнш улс орнуудад учруулсан ямарваа нэгэн аюул заналхийлэл эргээд үлэмж хэмжээний цэрэг, зэвсгийн хариу үйлдэлтэй нүүр тулгарах болно гэдгийг анхааруулаад байна. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн тэргүүлэн явуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай уулзалтын дараагаар уг мэдэгдлийг хийсэн байна. АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Стив Мнучин Вашингтоны зүгээс Пхеньянтай албаны болон хувийн шугамаар худалдаа, арилжаа явуулдаг санхүүгийн бүх сувгийг хаах асуудлыг авч үзнэ гэдгийг ФОКС сувагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Мөн Умард Солонгосын эсрэг тавих тус улсын шинэ багц хориг нь Пхеньяныг санхүү, эдийн засгийн хувьд бүрэн тусгаарлах болно гэдгийг хэлсэн байна.
Ямартай ч АНУ, Өмнөд Солонгос, Япон 3 улсын цөмийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн мэдэгдсэнээр гурван тал Пхеньяны эсрэг урьд өмнө авч байгаагүй хамгийн хатуу чанга хариу арга хэмжээг авахаар тохиролцсон байна. Тэд энэ талаар утсаар холбогдон ярилцсаныхаа дараагаар мэдэгдээд байна. Мөн Умардын цөмийн туршилтын эсрэг хариу болгож даваа гаригийн өглөө Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний зүгээс хүчин чадлаа харуулах жинхэнэ буудлагын сум, пуужин бүхий цэргийн сургуулилалтыг Өмнөд Солонгосын зүүн эргийн дагуух бүсэд явуулаад байна. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхэн газраас харвах зориулалт бүхий Хюнмо-2А баллистик пуужинг харваснаас гадна мөн F-15K загварын бөмбөгдөгч онгоцноос SLAM-ER загварын пуужинг Зүүн тэнгисийн ус руу харвасан байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр тус улсын зүгээс Умард Солонгосын Пунггэри дэхь цөмийн туршилтын бүсэд довтолгоо үзүүлэх сценар, зохиолын дагуу уг цэргийн сургуулилалтыг явуулаад байгаа бөгөөд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтарсан дараа дараачийн цэргийн сургуулилалтуудыг явуулахаар бэлтгэж байгааг уламжлаад байна.
