Сансрын нисгэгч Пегги Уитсон дахин дээд амжилт эвдлээ
Олон улсын сансрын станцид 288 өдөр ажилласныхаа дараагаар АНУ-ын сансрын нисгэгч Пегги Уитсон өнгөрсөн ням гаригт эх дэлхийдээ эргэн ирээд байна. Тэрээр ОУСС-д хамтран ажилласан Оросын сансрын нисгэгч, Союз МС-04 хөлгийн ахлагч Фёдор Юрчикин болон АНУ-ын сансрын нисгэгч, инженер Жек Фишер нарын хамт орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 21 минутанд Казахстан улсын Жезказган хотын ойрлолцоох хээр тал газарт газардсан байна. Сансрын нисгэгчдийг газардсан даруйд ОХУ-ын эрүүл мэндийн багийнхан, мөн АНУ-ын Сансар судлалын НАСА агентлагийн эмч мэргэжилтнүүд хүлээн авч, биеийн байдлыг нь шалгасан байна. Өдгөө 57 настай, биохимич мэргэжилтэй, АНУ-ын сансрын нисгэгч Пегги Уитсоны хувьд тэрээр 288 хоног сансарт ажиллаад ирж байгаа бөгөөд тэрээр нийтдээ 3 удаагийн аяллаар сансарт 665 хоног ажилласан сансрын нисгэгч эмэгтэйн дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байна. Мөн тэрээр задгай сансарт 10 дахь удаагаа гарч ажилласнаар шинэ дээд амжилт тогтоосноос гадна дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй сансрын нисгэгчийн дээд амжилтыг ч тогтоосон юм. Пегги Уитсон энэ удаагийнхаа аяллаар хорт хавдартай уушгины эд эсийн судалгаа болон ясны бүтэц, эди эсийн судалгааг явуулсан байна. Одоо ОУСС-д Америк, Орос, Итали улсын 3 эрэгтэй сансрын нисгэгчид үлдээд байгаа бөгөөд тэдэн дээр очих Америкийн 2, Оросын нэг сансрын нисгэгч бүхий шинэ баг энэ сарын 12-ний өдөр хөөрөхөөр болоод байгаа юм.
