Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүйжүүлэв
ХБНГУ-ын Франкфурт хотын эрх баригчдын зүгээс дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүйжүүлэх хүрээнд тус хотын 60000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Герман улсад зохион байгуулсан хамгийн олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн арга хэмжээ болсон байна. Франкфурт хотын цагдаа нар айл нэг бүрчлэн явж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бол гал унтраах ангийнхан мөн хотын хоёр нэгдсэн эмнэлэг болон ахмад настнуудын асрамжийн газрыг нүүлгэн шилжүүлжээ. Хотын оршин суугчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсний дараагаар хотын эрх баригчдын зүгээс тус хотод 2 долоо хоногийн өмнө олдсон 2 тэсрэх бөмбөгийг аюулгүйжүүлэх үйл ажиллагааг ням гаригт амжилттай явуулаад байна. Өнөөдрөөс эхлэн хотын оршин суугчдыг гэрт нь буцааж байгаа юм байна. Хэдийгээр Д2Д дуусаад 70 гаруй жил өнгөрч байгаа ч Герман улсад нэг жилд доод тал нь 2000 тонн орчим тэсрэх бөмбөг болон их бууны сум олддог байна. Их Британи болон Америкийн байлдааны онгоцууд Германы нутаг дэвсгэрт 1.5 сая тонн бөмбөг хаяж байсан бөгөөд уг их хэмжээний тэсрэх бөмбөгийн 15 хувь нь дэлбэрээгүй үлдсэн гэсэн тооцоо байдаг байна.
