Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Диана гүнжийн дурсгалыг хүндэтгэлээ

Диана гүнжийн дурсгалыг хүндэтгэлээ

Өнөөдрөөс яг 20 жилийн өмнө Их Британий гүнж Диана автомашины осолд орж нас барсан юм. Энэхүү эмгэнэлт үйл явдлын ойд зориулж Диана агсны хүүхдүүд болох Их Британий ханхүү Уилльям, Харри нар лхагва гаригт эхийнхээ дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг зохион явуулсан байна.

Лхагва гаригт Их Британий нийслэл Лондон хот дахь Кенсингтоны Ордны гаднах White Garden цэцэрлэгт хүрээлэнд ханхүү Уилльям, Харри болон Уилльямын эхнэр, Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддльтон нар Диана гүнжийн булшин дээр цэцэг тавьж, нэг хором дуугүй зогсч хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн энэ үеэр тэд Диана гүнжийн амьд ахуй цагтаа дэмжиж, хамтран ажиллаж байсан сайн үйлсийн хандивын сангуудын төлөөллүүдтэй уулзсан байна. Кенсингтоны Ордны энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Диана гүнжийн дурсгалд зориулан White Garden буюу цагаан цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэж байсан бөгөөд англи сортын цагаан сарнай цэцгүүдийг тарьж ургуулдаг байна. Учир нь энэхүү цэцэг Диана гүнжийн хамгийн дуртай байсан ажээ. Ханхүү нарын эхийнхээ дурсгалыг хүндэтгэх ёслол тухайн цэцэрлэгт хүрээлэнд хаалттай явагдсан бол Кенсингтоны Ордны гадна талбайд мөн олон зуун хүн цугларч, Диана гүнжид хүндэтгэл үзүүлж, цэцэг дурсгалын зүйлс зэргийг тавьсан байна. Диана гүнж одоогоос яг 20 жилийн өмнөх энэ өдөр Францын нийслэл Парис хотын газар доогуурх туннелийн замд автомашины осолд орж, 36-хан насандаа амь үрэгдсэн бөгөөд тэр цаг үеэс хойш Парис хотын тус туннель Диана гүнжийн дурсгалын цэг болон хувирч, жил бүр олон мянган жуулчид тухайн хэсэгт очиж, ханан дээр нь дурсгалын үг бичиж, үлдээдэг болсон юм.