Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Харви далайн хар салхи АНУ-ын нийгэм, эдийн засагт үлэмж хэм

Харви далайн хар салхи АНУ-ын нийгэм, эдийн засагт үлэмж хэмжээний хор хохирол учруулаад байна

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын Техас мужийг дайран өнгөрсөн Харви далайн хар салхины учруулсан хор хохирлын хэмжээ хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэж эхлээд байгаа бөгөөд орон гэргүй болсон оршин суугчдыг шилжүүлэх, түр орогнуулах асуудал өнөөдөр хамгийн чухалд тооцогдож эхлээд байна.

Санхүүгийн шинжээч мэргэжилтнүүд Харви хар салхи АНУ-ын нийгэм, эдийн засагт үлэмж их хэмжээний хор хохирол учруулж байгааг тооцоолоод байна. Санхүү эдийн засгийн Блүүмберг телевизийн мэдээлснээр гамшигт өртсөн зөвхөн гэнэтийн аюулын даатгалгүй оршин суугчдад зориулж улсаас ойролцоогоор 30-100 тэрбум ам.доллар шаардагдах болно гэсэн байна. Ингээд бодоод үзэхээр Харви далайн хар салхи нь АНУ-ын түүхэнд хамгийн их хэмжээний хор хохирол учруулсан хар салхины нэгээр яах аргагүй нэрлэгдэж, түүхэнд нэрээ үлдээхээр болж байна. 4 дүгээр зэргийн түвшний уг хар салхины улмаас мөн Техас мужид, ялангуяа Хьюстон хотод үерийн аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд тус хотод үерийн улмаас 9 хүн амь үрэгдээд байгаа юм. Үерийн ус Хьюстон хотын хоёр даланг даван урсаж байгаа юм. Харви хар салхины учруулсан хохирлын хэмжээг тогтоож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаригт Техас мужийн Корпус Кристи хотод очсон байна. Техас мужийн хэмжээнд хагас сая гаруй оршин суугч уг байгалийн гамшгийн бодит хохирогчид болоод байгаа бөгөөд одоогийн байдлаар 30000 хүнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг мужийн албаныхан хийж гүйцэтгэсээр байгаа юм. Мөн усархаг бороо энэ долоо хоногийн пүрэв гаригийг дуустал үргэлжлэн орох тул үерийн усны хэмжээ нэмэгдэх болно гэсэн анхааруулгыг мягмар гаригт албаныхны зүгээс гаргасан байна. Одоогийн байдлаар Техас мужид Харви хар салхины улмаас амь үрэгдсэн хүний тоо 11-д хүрээд байна.