Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна

Гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг гэр хороололд байгуулах саналыг танилцууллаа. Хотын хүн амын суурьшил, ялангуяа гэр хороололд амьдарч буй иргэдийн ихэнх хэсэг нь Улаанбаатар хотын хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан 6 буудал орчимд байгуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. Энэ хэсэгт салбар байгуулсанаар Чингэлтэй дүүргийн 13, Сүхбаатар дүүргийн 10, Баянзүрх дүүргийн 2 хорооны нийт 231 мянган иргэн төрийн үйлчилгээ авах боломжоор хангагдах юм.

Одоогоор нийслэлд Дүнжингарав, Мишээл, Драгон гэсэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбар ажиллаж байна. Эдгээр салбараар өнгөрсөн жил 413 мянган иргэн үйлчлүүлж, 1 сая гаруй төрийн үйлчилгээг авчээ. Үйлчилгээний төвийн шинэ салбарыг гэр хороололд байгуулснаар иргэд төрийн үйлчилгээг илүү ойроос, чирэгдэлгүйгээр авах боломжтой болно. Мөн иргэд шинэ салбараас нийслэлийн нутгийн захиргааны 17 байгууллагын 271 нэр төрлийн төрийн үйлчилгээг авах юм.