Бүтэлгүй дурлалын эзэнгүй захидал ба "Эхнэрийн урхи"
2008 оны 3 сар...хаврын адаг сар шувтарчээ. Цэргийн албаа үлгэр жишээчээр хаасан тул хугацаанаасаа өмнө цэргээс дөнгөж бэлтгэлээр халагдаад байсан нөхөр байлдагч би гэртээ ирээд 5 ч хоноогүй байлаа.Гадагшаа дотогшоо орж гарах болгонд нэг охинтой таарах болов. Манайх 5 давхар байрны хамгийн дээд давхарт. Анх хараад л нөгөө байнга таардаг охиндоо дурлав. Маш гоё биетэй үнэхээр тачаангуй уруултай. Фото чиглэлээр загвар өмсдөг охин нэр нь Онон. Түүнийхээ нэр усыг нь яаж ийж байгаал олж авч байгаа юм чинь. Өдрийн бодол шөнийн зүүд. Ядаж байхад байнга таарна. Тэр намайг хүн байна гэж хардаггүй ч байсан байж магад. Угаасаа би л дурласан юм чинь. Тэр минь нэг шар нохойтой тэрийгээ салхилуулаад явж байхтай нь байнга таарна. Гоо сайхан бие нь гунхаж гуринхалсан нохойгоо бага зэрэг хүчилсэн байртай чирэгдэх шахам алхалах нь цаанаа л үзэсгэлэнтэй. Хэсэг хугацаа өнгөрлөө. Хэдэн сар ч өнгөрлөө. Би ч улам дурласаар... Тэр намайг хүн байна гэж хардаггүй ч байсан байж гэдэг нь бас учиртай. Би цэргийн албыг говьд хаасан учир нарны фотосинтезид орсон гялтайсан хар амьтан ирсэн болохоор. Онон намайг харсан ч энэ хар бачка хаанаас гараад ирэв гэж л бодож байсан байх. Уншигч та хэрвээ түүнийг харсан бол дурлахгүй байх нь юу л бол. Цэрэгт байхдаа байнга хийдэг байсан зүйл маань гэрийнхэндээ захиа бичих байлаа. 12 хуудастай дэвтрийн ар өвөргүй захиа бичих нь надад тоглоом мэт. Бодож бодож Ононтой танилцах аргаа олсон нь захиа бичих байлаа.Нэг шөнө сууж байгаад А4-ын цаасан дээр дурлалынхаа сценарийг бичлээ дээ. Юун тэр дурласан Шекспир уран яруу үгсийг утгын төгөлдрөөр урсган байж бичлээ. Цэмбийтэл нугалсан захиагаа дугтуйнд хийгээд амсарт нь амтагдах цавууны дотно амтыг долоож байхдаа зүгээр л дурлалдаа шатаж байв. Захиа бэлэн гагцхүү яаж өгөх вэ гэдэг асуудал зовоож эхлэв.Байнга таардаг учир нэг зориглож очоод гарт нь атгуулна гэж шийдээд өнөө муу захиагаа өвөртөлж явдаг боллоо. Зүрх зориг нэг л хүрэхгүй байсаар бараг 5н сар өнгөрчээ. Тэр үед алдарт савангын дуурь "Эхнэрийн урхи" гээч кино ид эрчийг авчихсан хавь ойрын xамаг амьтан байтугай намайг хүртэл автуулсан үе байлаа. Киноны ээлжит ангийг гэрийнхэнтэйгээ үзэж суутал хэн нэгэн хаалга тогшиж байна. Би ч явж очоод хаалгаа тайлтал гэгээн эцэг минь миний өмнө сахиусан тэнгэр... Тэрхэн зуур миний толгойд мянга мянган бодол эргэлдэж зүрхний цохилт ихсэж бараг л савлаад явчихлаа. Хэсэг манарсаны эцэст ашгүй нэг юм ухаан орлоо. Дайны цагт Омаха эрэг дээр газардах үеэрээ бөмбөгний хэлтэрхийд оногдсон цэрэг шиг чихний шуугиан гарч нөгөө сахиусан тэнгэрийн маань ам хөдөлсөөр яг юу болоод байгааг ухаарах үед "танайхаас ус алдаад байна" гэсэн үг миний сонорыг мялаах нь тэр. Ёстой хөх тэнгэр хөмрөв үү? яав? гэгч л болов. Юу гэнээ? гээд асуутал "танай угаалгын өрөөнөөс ус алдаад байнаа" гээд гараа элгэндээ зөрүүлж хөмсөгөө зангидан ууртай царай гаргасан ч тэр хөөрхөн хэвээрээ л байлаа. Хамаг дотор пал гээл явчихсан амьтан угаалгынхаа өрөөг нээтэл том эгч угаалгын машинд ус дүүргэх гээд крантаа нээлттэй орхисон байх нь тэр. Нэлийсэн их ус хараад цочирдсон амьтан нөгөө охиноосоо хам хум уучлал гуйгаад шалны алчуур бариад шавхаж гарлаа. Яг хувцас угаах гэж байхад нь өнөө "Эхнэрийн урхи" гэж кино гарч таарахгүй юу. Тэгээд угааж байгаа хувцас хийж байгаа хоол оо мартах бол хүн болгонд хэвийн үзэгдэл байсан нь тэр. Сахиусан тэнгэр маань яахав дээ тэгж нэг манайд орж ирсэн нь баярламаар ч бас балагтай явдал болов.Тэр явдлаас хойш Ононтой таарах үед гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр эгцхэн ч харж зүрхлэхээ байсан даа хөөрхий. Гэхдээ захиагаа атгасаар л явлаа. Хэд хоног өнгөрч хэрэг явдал хуучирч эхлэх үед би дахин зориг орсон ба захиагаа нэмж засварлан ус алдсан явдлын тухай учир байдлыг тусган уучлал эрсэн үгсийг оруулав. "Эхнэрийн урхи" солонгосын олон ангит киноны зөрчилт 120 дугаар бүлэг. Зовлонт Кү-Үнжэ түүний нөхөр болох доожоогүй эр Жон Губины нүглийн төлөөсийг амсуулахаар ид зүтгэж байх үе. Дундуур нь гарах рекламыг хүртэл тэвчээртэйгээр үзэн сууж байхад хаалга тогшив. Би ч годхийж босоод коридортоо хүрч амжаагүй байтал хөл нойтон оргиж эхэлснийг нь ажвал шалаар нэг ус байлаа. Тэрхэн хооронд сандралд автаж хаалгаа салгалсан гараараа тайлтал хаалганы цаана миний ариухан дурлалын эзэн бас түүний минь ах зогсож байлаа. Ухаан санаа таг. Нэг мэдсэн тэдний гэрт орчихсон тааз ширтээд зогсож байна. Дээрээс борооны дусал мэт шохойтой цагаан дуслууд ээлжлэн дусалсаар. Би үе үе ухаан орох үедээ одоо л сайн харж авъя гэдэг шиг Ононгоо л ширтсээр байлаа. Ёстой уучлаарай, үнэхээр анзаарсангүй, энэ ус нь хатахаар заавал засвар хийж өгнө гээд л түмэнтээ уучлал гуйлаа. Үнэндээ тэдний угаалгын өрөө коридор бүхэлдээ усанд автсан байлаа. Ёстой ичиж үхмээр нь юу гэвэл тэднийх рүү 2 дахиа ус алдахдаа хоёуланд нь гайтай "Эхнэрийн урхи" үзэж байсан гэхээр л боож үхмээр. Тэднийхээс арай гэж гараад гэртээ орж ирээд гэрийнхнийг болон ус алдсан этгээдийг хэмх загнасан болно. Юун тэр дурлал мурлал захиа занаа таазыг нь замаскдаж шохойдох ажлын төлөвлөгөө зардал л толгойноос салахаа байж, захианыхаа оронд дахиад ус алдахвий гэдэг бодол өвөртлөх болов. Нэг өглөө нэлээн эрт хаалга тогшиж байна, босч очоод тайллаа. Ононгийн ах нь нойрмог зогсож байна. Бүх зүйл ойлгомжтой бүр бичихээс ч санаа зовж байна. Яасан байх нь уу? Ус алдсан байх нь. Шөнө ус тасрах үеэр крантаа нээгээд усгүй байхаар нь аяга таваг угаах гэж байснаа болиод крантаа хаалгүй орхисон нь өглөө ус ирэх үед гай болсон нь тэр байлаа. Бидний хооронд болсон яриа ойлгомжтой энэ бол Ононгийнх руу ус алдсан 3 дахь тохиолдол байсан юм. Ямар үйлийн үрээр тэднийх манай доод айл болоод нүүгээд ирчихсэн юм бүү мэд. Харин ч тэднийх тайван айл биднийг барьж идэхийн наагуур загнах ёстой байтал бүр эсрэгээрээ тун тайван улс байлаа. Тэр жилийн намрын нэгэн шөнө ангийнхаа хүүхдийнх рүү алхаж явлаа. Гадаа гудамж нэг л тайван бараг л надаас өөр хүнгүй байлаа. Хамаг учир өнөөх "Эхнэрийн урхи" -ийн ээлжит анги гарч байгаатай холбоотой байв. Үнэхээр гудамж эзгүйрч байсан гэвэл хүмүүс итгэхгүй л дээ. Аргагүй шүү дээ. Бүгд "Эхнэрийн урхи" үзээд суучихаар гудамж эзгүйрч байсныг хэн анзаарах билээ. Тэгвэл би гэрчилнэ. "Эхнэрийн урхи" гарч байх үед би цэргийн байр луу найзаасаа юм авахаар явж байсны хувьд гэрчилнэ. Найзтайгаа яаруу сандруу хальт уулзаад салсан нь бас л учиртай. Нөгөө л "Эхнэрийн урхи" -аа үзэх гэж яарч байсан юм. Би гэрийн зүг алхаж явтал утас дуугарлаа. Эгч залгаж байна, байна уу? чи хаана явнаа? доод айл руу ус алдчихлаа... Би зүгээр л боож үхэхээ дөхөж өө новш оо гээл орилчихлоо. Ямар юм аа хийцгээж байсан юм бэ та нар? (Юу хийж байсан нь ойлгомжтой шүү дээ) Тэгээд надаар яах гээд байгаан гэсэн чинь, чи гэр лүү нь ор гэж байна. За больж үз, өөрсдөө ор, та нар тэр ус алдсан өрөөнүүдийг нь засах ёстой, орж үз гэж хэлээд утсаа салгаад дэлбэртлээ уурласан хүн гадаа шөнөжин сууж билээ. Тэр хооронд хайр дурлалдаа цэг тавих тухай бодож байлаа. Яаж дахин нүүрийг нь харах билээ. Тэднийх рүү 4 дэх удаагаа ус алдсны дараа хэсэг дажгүй шүү. Намайг бүр эзгүйд ээж нэг удаа ус алдаж ах нь орж ирсэн нь 5 дахь удаагаа болсон тухай би мэдээд бүр дөжирсөн байлаа. Өвөл шувтарч хавартай золголоо. Би буруу санаагүй бол тэр өдөр яг Мартын-8 байсан шиг санагдаад байна. Зурагт харсан шигээ орон дээр хэвтэж байтал хаалга тогшиж байна. Очоод тайллаа. Миний урд захидлын минь эзэн, дурлалын минь шалтгаан зогсож байв. Энэ бол тэднийхрүү ус алдсан 6 дахь тохиолдол байлаа. Тэр цагаас хойш би захиагаа урж хаян аль болох ус алдахгүй л байлгахыг хичээх болсон юм. Нэг л өдөр тэндийх нүүгээд явсан даа. Баяртай бүтэлгүй дурлал минь.
