Крис Вүүд цомын эзэн боллоо
1955 оноос эхлэлтэй мэргэжлийн гольфийн европын цувралд багтах ВМW-ийн аварга шалгаруулах тэмцээний 2016 оны цуврал өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд 151 гольфчин өрсөлдснөөс Английн гольфчин Крис Вүүд -9 оноог цуглуулан цомын эзэн болжээ. 2008 оноос эхлэн мэргэжлийн ангилалд хүч сорьж байгаа Англи гольфчин энэ удаад Европын цувралаас 3 дахь цомоо хүртэж байна. Өмнө нь Крис Вүүд 2013 онд Катар Мастерс, 2015 онд Лионы нээлттэй тэмцээнд түрүүлж байсан билээ. 28 настай Англи гольфчин сүүлийн тойрогт 69 цохилтоос -3 оноо авсан байна. Тэмцээний эхний тойргуудад тэргүүлж байсан нутаг нэгт Данни Уиллит тэмцээнийг -7 оноотой дуусгаж, 3-р байрт орсон байна. Данни Уиллит 3-р тойрогт 76 цохилтоос нэмэх 4 оноог авснаар түрүүлэх боломжоо алдсан гэж хэлж болно. Сүүлийн тойрогт Англи гольфчин 71 цохилтонд үеээ дуусгажээ. Сүүлийн тойргийн хамгийн шилдэг үзүүлэлтийг Данийн гольфчин Рикард Карлберг үзүүлж, 65 цохилтоос -7 оноог авч, улмаар тэмцээнийг удаалсан байна. Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан Герман гольфчин Мартин Каймер -5 оноотой 7-р байраар тэмцээнээ дуусгасан бол чансааг тэргүүлж байсан Ирланд гольфчин Шэйн Лаври 2-р тойргоос тэмцээнийг орхижээ.
