Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Винченцо Нибали 2 дахь удаагаа Жиро д’Италиа уралдаанд түрүү

Винченцо Нибали 2 дахь удаагаа Жиро д’Италиа уралдаанд түрүүллээ

Дугуйн олон өдрийн шилдэг уралдаануудын нэг  Жиро д’Италиа тэмцээний 2016 оны аваргын нэр тодорлоо. Энэ удаагийн тэмцээнд 22 багийн 198 дугуйчин оролцсон байна. 99 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнд “Астана” багийн Италийн дугуйчин Винченцо Нибали тэргүүлж, цомын эзэн болжээ. Өмнө нь Итали дугуйчин энэ уралдаанд 2013 онд түрүүлж байсан юм.  Жиро д’Италиа уралдааны хошой аварга болсон Винченцо Нибали 21 гараанд үргэлжилсэн энэхүү уралдаанд нийлбэр дүнгээр 82 цаг 44 минут 31 секундын амжилтаар түрүүллээ. В.Нибали энэ жилийн уралдааны  Пенерологоос Ризуль хүртэл 162 км зайд үргэлжилсэн 19 дэх гараанд түрүүлсэн бөгөөд 20 дахь гараанаас “Ягаан өмсгөлийн эзэн болж, улмаар цомын эзэн болжээ. 1984 онд Сицилд төрсөн Нибали дугуйн олон өдрийн оргил уралдаанууд болох Тур Де Франсд 2014, Вуэльта Испани уралдаанд 2010 онд, Жиро д’Италиад 2 удаа түрүүлсэн бахдам амжилтыг үзүүлж, энэхүү уралдаануудад бүгд нь түрүүлсэн 6 дугуйчны нэг болсон болж байна. 2016 оны Жиро д’Италиа уралдааны сүүлийн гараа 163 км зайд явагдаж, Жиант Алпесин багийн Герман дугуйчин Никиас Арндт хамгийн шилдэг байж, тэргүүлсэн юм. В.Нибали энэ гараанд тэргүүн эрхээ хамгаалж, 29-р байрт оржээ. Нийлбэр дүнгээр удаах байрт Орика Гринэж багийн Колумб дугуйчин Эстебен Чавес орсон бол Мовистар багийн Испани дугуйчин Алехандро Валверде 3-р байраар тэмцээнээ дуусгажээ.