Рокит Бэй:Хүүхдэд зориулсан дуу хэзээ ч хийж байгаагүй
Хип хоп дуу хөгжимд шимтэн сонсогч хүүхэд залуучуудын хүсэн хүлээсэн реппер Рокит Бэйгийн “Хариуцлага” нэртэй гурав дахь бие даасан цомог худалдаанд гарлаа. Илүү дутуу дүүргэлтийн дуу хийдэггүй түүний цомогт арван дуу багтсан бөгөөд 20,0 хувь хэвлэгджээ.
Хүүхэд залуус түүнийг шүтэн биширч, даган дуурайдаг тул нөлөөллийг нь бодолцож уран бүтээлдээ илүү хариуцлагатай ханд гэсэн сануулга ихээхэн ирэх болсноор реппер залуу хэсэгтээ уран бүтээлийн уналтад ороод байсан бөгөөд ийнхүү эргэн ирэхдээ ХАРИУЦЛАГА хэмээн чангаас чанга хашхирлаа. Тэрээр “Хариуцлага бол надад биш эцэг эхчүүдэд байх ёстой. Миний уран бүтээл ёс бус үг хэллэгтэй ч юм уу тийм байхад хүүхдүүддээ сонсгоод байгаа эцэг эхчүүдэд нь дургүй хүрдэг. Би анхнаасаа хүүхдэд зорилусан дуу хэзээ ч хийж байгаагүй. Манай хүүхэд өөрийг чинь сонсох дуртай, хамт зургаа авахуулаач гээд жаахан хүүхдээ аваад ирэхээр яс хавтайдаг. Үнэхээр би буруу юм хэлээд байгаа бол хүүхэддээ битгий сонсого. Анхаарал тавь!” гэсэн юм.
Цомгийн зураг амандаа цэцэгтэй байгаа нь амнаасаа цэцэг, солонго шиг гоё үг хэлж байх ёстой юм шиг тэр нь уран бүтээлчийн бүтээлч сэтгэлгээг боож байгаа мэтээр харуулж байгаа бол шоронгийн төмөр тор болон цагдаа, хүүхдүүд байгаа нь нийгмийн хариуцлагыг бас боож хаагдуулсан гэсэн утгатай аж.
Үнэхээр ч телевиз, радио, цахим ертөнцийн энэ үсрэнгүй хөгжлийн үед хүүхдийн насанд тохирохгүй юм үзүүлж харуулдаг, сувгаа солилгүй дэргэд нь үздэг хариуцлагагүй томчууд олон. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйд хожим ноцтой гэмтэл учруулдаг болохыг сонссон ч сонсоогүй мэт авирладаг шүү дээ. “Цахим тоглоом тоглоод ядарлаа, олон цаг суулаа, донтлоо гэдгээс биш нас сэтгэхүйд нь тохирсон уу? үгүй юу? гэдэг тал дээр анхаарал хандуулж, болохгүй юм хийж байвал хориглох хэрэгтэй гэдгийг ч бас хэлнэ билээ.
Харин Рокит Бэй өөрөө хэр хариуцлагатай хүн юм бол??? Энэ асуултад тэрээр “Нэг ч удаа согтуугаар жолоо барьж үзээгүй. Хариуцлагатай байхыг хичээдэг” хэмээн хариулжээ.
