Евровижн тэмцээний ялагчаар Украйны оролцогч Жамала тодорлоо
Дэлхийн хамгийн олон жил үргэлжлэн явагдаж байгаа Евровижн дууны тэмцээний энэ жилийн ялагч ням гаригийн өглөө тодорлоо. Зөвлөлтийн эрх баригчид Крымын татаруудыг хөөн гаргасан үйл явдлын талаар өгүүлэх "1944" дуугаараа өрсөлдсөн Украйны оролцогч Жамала 2016 оны Евровижн тэмцээний ялагчаар тодорсон байна. Шведийн нийслэл Стокгольм хотын Глоб Арена хүрээлэнд бямба гаригийн үдэш зохион байгуулагдсан эцсийн шатанд 26 оролцогч өрсөлдсөн бөгөөд тэмцээний шүүгч болон телевизийн үзэгчдийн нийт саналаар дуучин Жамала буюу Сюзанна Жамаладинова өрсөлдөгчдөө тэргүүлсэн байна. Түүний араас тэмцээний хоёрдугаар байрт Австрали улсын оролцогч 511 саналаар орсон бол гуравдугаар байрт ОХУ-ын оролцогч Сергей Лазарев орсон байна. Энэ жилийн Евровижн тэмцээнийг ЕХ-ны улс орнууд, БНХАУ, Казахстан, Австрали, Шинэ Зеланд болон мөн анх удаагаа АНУ-д шууд дамжуулсан байна.
