Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Жүжигчин Д.Гэрэлмаа: ХАЙРЛАХЫГ НАДАД ААВ МИНЬ СУРГАСАН

Жүжигчин Д.Гэрэлмаа: ХАЙРЛАХЫГ НАДАД ААВ МИНЬ СУРГАСАН

Багагүй хугацаанд амьд хөгжмийн хамтлагт дуучин, DJ, телевизийн хөтлөгчөөр ажиллаж байсан ч “Хайр” кинонд тоглосон дэлгэцийн анхны дүрээрээ олонд танигдан карьераа амжилттай эхлүүлээд байгаа жүжигчин Д.Гэрэлмааг энэ удаагийн дугаарын зочноор урилаа. Өхөөрдөм дэггүй төрх, эрх дураараа элдэв хэв маягт баригдалгүй өөрийнхөөрөө байж чаддагт нь хүмүүс түүнд дуртай байдаг. Өөрөө өөрийнхөөрөө байх эрх чөлөөг Гэрэлмаа хаанаас олж авсан, өөр шигээ итгэдэг цорын ганц хүнийхээ тухай гээд сонирхолтой яриа дэлгэснийг уншигч таны өмнө дэлгэж байна.

TV ZONE: Энэ өдрийн мэндийг хүргэе! Уншигчидтайгаа мэндчилээд ярилцлагаа эхэлье.

ГЭРЭЛМАА: Баярлалаа, TV ZONE сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе!

TV ZONE: Сүүлийн үеийн сонин сайхан, юу хийж байгаа вэ?

ГЭРЭЛМАА: NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллаж эхэлж байна. Бас “Сайн уу амьдрал минь – 2” УСК-ны зураг авалтанд удахгүй гарах байх. Би жижигхэн дүрд тоглосон.

TV ZONE: Яагаад жүжигчний мэргэжлийг сонгон суралцсан бэ? Урлагийн хүрээлэлд байдаг шиг ажиглагдсан? Орчин нөлөөлөв үү?

ГЭРЭЛМАА: Ангийнхаа найзтайгаа хоёулаа дуучин болно гэж их ярьдаг байсан. Жүжигчин хүн дуулах, бүжиглэх гээд урлагийн бүхий л төрлийн авьяастай байх хэрэгтэй. Тэгэхээр жүжигчний мэргэжлийг сонговол аль алиныг нь суралцана. Тэгээд ч хоёулаа ханьтай гээд л хамтдаа Соёл урлагийн их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдэж эхэлсэн. Элсэлтийн шалгалтын үеэр бусад хүүхдүүдийн ээж, аавууд хоол цай барьж гүйгээд л бөөн юм болдог юм билээ. Ундармаа бид хоёрыг тоож ирж байгаа нэг ч хүн байдаггүй, өөрсдөө л бие дааж өдөр, шөнөгүй бэлдсээр байгаад л бор зүрхээрээ тэнцсэн. Арван жилийн ангиасаа гурвуулаа СУИС-ийн жүжигчний ангид элсэн суралцсан. Урлагийн хүрээллийн хувьд зураач, дизайнер, дуучин, DJ, жүжигчин гээд ихэнх найзууд маань урлагийнх.

TV ZONE: Гэр бүлийн нөлөө байсан уу? Эсвэл хориглох ч юм уу?

ГЭРЭЛМАА: Манай аав, ээж тээврийн салбарын хүмүүс. Ээж маань урлагт сонирхолтой, их мэдрэмжтэй хүн. Мэргэжил сонголтонд ээжийн нөлөө их байсан юм болов уу гэж боддог. Ээж төрөлхийн буржгар үс, өтгөн хөмсөг, алаг нүдтэй, зан араншингийн хувьд надаас огт өөр. Гэхдээ сүүлийн үед ээжтэйгээ илүү төстэй юм шиг санагдаад байгаа. Хальт ярьж байгаа өнгө аяс, гэнэт гаргаж байгаа шийдвэр гээд яг ажиглахаар ээжтэйгээ илүү төстэй ч юм шиг. Аав бол намайг маш их эрхлүүлдэг. Өмнө нь ч энэ тухай нэг нэвтрүүлэгт орж байхдаа хэлсэн. Аав маань хүнийг хайрлахдаа бүхий л юмаа зориулж чаддаг, хүнийг яаж жаргалтай байлгах вэ, өвдсөн үед нь яаж асрах вэ гэдэг ч юмуу... Хүнийг хайрлах тал дээр аавыгаа илүү дуурайсан эсвэл аав надад сургасан юм шиг санагддаг.

TV ZONE: Өөрийнхөөрөө байдаг чинь хүмүүст их таалагддаг юм билээ. Аав, ээж чинь хайраараа дамжуулан өгсөн байх гэж бодогдлоо. Нөгөө талд эрхлүүлсэн хүүхэд хэцүү, битгий эрхлүүл гэсэн зарчимтай хүмүүс ч байдаг. Чиний бодол?

ГЭРЭЛМАА: Хувь хүнээсээ л шалтгаалдаг байх. Аав, ээж маань надад нэг ч удаа гар хүрч байгаагүй. Гэхдээ л ямар ч байсан аав, ээжээсээ айх, эмээх юм байж л байдаг шүү дээ. Суурь хүмүүжилд нь анхаарч сургасан, хайран дунд өссөн хүүхэд хэдий эрхэллээ ч гэсэн нэг их хол бурууддаггүй. Тэгж бухын хүзүү шиг болдоггүй юм шиг байгаа юм. Ээж “Хиймээр байгаа юмаа хий, алдаж үзээд хүн болдоггүй юм байна гэдгээ мэдэрнэ” гэдэг. Надад буруу хүмүүстэй нийлж байсан үе байдаг. “Чи дэмий хүмүүстэй нийлээд, буруу л яваад байх шиг байна даа. Найзлаад үз, тэр хүмүүс чамд ямар нөлөө үзүүлэх нь үү? Тэрийг нь ажигла. Нэг өдөр чи ойлгоно доо” гэж ээж хэлж байсан. Тэгэхэд буруу хүмүүстэй нийлж байсныгаа тэр үедээ ойлгоод бүгдээс нь өөрийгөө холдуулаад, холбоогоо тасалж шинээр эхэлж байсан тохиолдол байгаа шүү. Үнэхээр надад өөрийнхөөрөө байж, өөрийн бодлоо илэрхийлдэг зан араншинг гэр бүл маань олгосон байх.

TV ZONE: Жүжигчний мэргэжлээр суралцах үедээ анхнаасаа хүсч мөрөөдөж байсан дуучныхаа л мэргэжлээр явдаг байж гэж бодогдож байв уу?

ГЭРЭЛМАА: Тэгж бодож байгаагүй ээ. Нэгдүгээр курст ороод л найзуудтайгаа нийлж амьд хөгжмийн хамтлаг байгуулж, дуулдаг байсан. 4-5 жил дуулсны эцэст “За энэ миний хийх юм биш юм байна” гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл миний хоолой дуучин болох хэмжээнд биш. Найз нөхөддөө караокед онгироод байж байя гэж бодоод л орхисон /инээв/.

TV ZONE: Урлаг чиний хувьд?

ГЭРЭЛМАА: Урлаг миний хувьд... Би урлагаас салах ёсгүй л хүн юм шиг байгаа юм. Сүүлийн үед тэгж бодоод байгаа. Нэг хэсэг урлагаас өөр юм хийх гэж үзсэн л дээ. Дуулахаа болиод жүжигчний мэргэжлээрээ сураад, DJ хийх, гэрэл зураг авахуулах дуртай гэдэг ч юмуу яаж ийж байгаад л ямар нэг байдлаар урлагтай холбогдчихдог. Би өөр юм ч хийж чадахгүй юм шиг байна лээ. Хүний сонирхдог сонирхлын, сурсан мэдсэн юм гэдэг ондоо л байдаг юм билээ.

TV ZONE: Жүжигчин хүнд мөрөөдлийн дүр гэж байдаг. Тоглохыг хүссэн дүр эсвэл урлагт ийм шинэ өнгө болж гарч ирэх юмсан гэсэн бодол байдаг уу?

ГЭРЭЛМАА: Би дотроо мюзикл жүжигчин болно гэж бодож СУИС-д орсон. Манай Монголд мюзикл хөгжих арай болоогүй юм билээ. Тодорхой хэмжээнд тоглогдож байгаа ч тайз, техник, хөгжим зэргийн чанар хангалтгүй байна. Мюзиклийн жинхэнэ утгаар нь тавьж тайзан дээр бүжиглэж, дуулж, жүжиглэхэд техник талаасаа хангалттай биш байгаа. Миний бас нэг мөрөөдөл жижигхэн кабаре театртай болж, “Моулин роуж”, “Чикаго” шиг мюзикл тавих миний мөрөөдөл.

TV ZONE: Гэр бүл зохиож, хосын амьдралаа эхлүүлж байгаа гэж сонссон.  Хуримаа хэзээ товлосон бэ?

ГЭРЭЛМАА: Гэр бүл босгоно гэдэг бас их ярвигтай ажил юм шиг байгаа юмаа. Болгоно доо. Хүн болгон чадаад байхад чадах л байлгүй дээ. Хуримын тухай бодож үзсээн. Одоохондоо бол тусдаа гарах гээд асуудал зөндөө байгаа болохоор 2, 3 жилийн дараа л болох байх даа.

TV ZONE: Монголд залуу гэр бүл, хосуудын өмнө орон байрны асуудал хурцаар тулгардаг. Та хоёрын хувьд ч бас энэ асуудалтай нүүр тулжээ?

ГЭРЭЛМАА: Тэгэлгүй яах вэ. Бид хоёр байр хөлсөлж амьдарч байгаад одоо л байрандаа орох гээд засвар хийж байгаа. Мэдээж зээл лизингээр авч байгаа. Энэ бол монгол залуучуудын дунд хэвийн л асуудал болчихсон. Насаараа 2 өрөө байрны төлөө амьдардаг. Энэ юмнаас татгалзмаар л байгаа юм л даа. Тэгэхдээ бид шийдчихэж чадахгүй юм чинь яах билээ.

TV ZONE: Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?

ГЭРЭЛМАА: Олуулаа л болохыг хүсдэг. Цөөхөн хүүхэдтэй айл баяр ёслолоор жаахан уйтгартай байдаг. Ганц хүүхэдтэй айлын нэг хэцүү нь найз нөхөдтэйгээ хамт гадагшаа гарангуут аав, ээж хоёр маань хоёулахнаа үлдлээдээ гэсэн хэцүү бодол. Тийм болохоор ханьтай үлдээж байвал зүгээр /инээв/. Олуулаа бол баяр ёслолоор цуглах, гэнэтийн хагацал гуниг тохиоход ч ханьтай. Ганцаараа хүн гэдэг чинь ер нь л хэцүү шүү дээ. Бүх үүрэг хариуцлага над дээр ирнэ. Сайн ханьтай бол хүний амьдралд тохиох хамгийн том аз. Хэрвээ сайн ханьтай учрахгүй бол тэр хүн орь ганцаархнаа үлдэх байхгүй юу. Найз нөхөд гэдэг цагаа тулахаар худлаа байдаг. Тийм болохоор цусан төрлийн хүмүүс бие биедээ түшиг тулгуур болдог байх гэж бодож байна. Би бол сайн мэдэхгүй.

TV ZONE: Найзууд нь уншаад гомдохвий дээ?

ГЭРЭЛМАА: Гайгүй ээ, манай хэд ойлгоноо. Намайг юу ярьж байгааг мэдэж байгаа /инээв/.

TV ZONE: Эршүүд бас дэггүй, өөрийнхөөрөө зантай Гэрэлмаа өөрөө өөрийгөө тодорхойлбол?

ГЭРЭЛМАА: Би ч ер нь уян налархай, эмзэг ялдам төрөлхийн эмэгтэйлэг хүн биш шүү дээ. Ээж болох юм бол эмэгтэй хүнээс гарч болох бүх л энхрий ялдам зан ааль гарч магадгүй. Би өөртөө 15 настай банди шиг л санагдаад байдаг /инээв/. Ер нь бол хайш яйш, цаг нарт баригдах дургүй хүн. Хүнтэй цаг товлочихоод гэнэт уулзмааргүй санагдах юм бол “Би ийм ажилтай болчихлоо” гээд худлаа яриад, шууд хаяад л найз охинтойгоо бяслагтай бялуу идэхээр явж байсан бол тийшээ явах жишээтэй. Хариуцлагаас мултрах дуртай, айлын ганц болохоороо ч тэр юмуу ер нь дур зоргоороо. Найз залуутайгаа хамт амьдраад эхлэнгүүт тэр маань миний энэ зоргоороо зангийн үүрэг хариуцлага хамаг юмыг нуруун дээрээ үүрч явж байгаа нь өдөр тутам мэдрэгдэж байгаа. Ажлуудаа төлөвлөчихсөн, нөгөөдөр арга хэмжээн дээр очно гэхэд миний өмнөөс манай найз залуу өмсөх хувцас хунар, бусад юмыг бодож тооцолж байдаг. Би ч дөхүүлж байгаад л тэгчихье гээд тэгсхээд хаячихдаг хүн.

TV ZONE: Бие биенийхээ дутууг нөхнө гэдэг шүү дээ. Найз залуу чинь чиний энэ занд чинь татагддаг ч юм билүү? Найз залуугаа танилцуулж болох уу?

ГЭРЭЛМАА: Ерөнхийдөө миний зан чанарт татагдсан гэж ярьдаг. Бид хоёр удаан хугацаанд найзууд явсан. Ерөнхийдөө үзэл бодлын хувьд маш нийлдэг, байнга холбоотой найзууд байж байгаад жилийн өмнөөс үерхсэн. Тэгсэн хэр нь ээ сайн мэддэггүй л байсан юм билээ. Манай найз залууд эр хүнд байх бүхий л зан чанар байхаас гадна эмзэг, маш хариуцлагатай, мэдрэмжтэй хүн. Би нэг л хүнд найдаж хүнс цуглуулах ч юмуу, надад хувцас авчихаарай гэж хэлж чадна. Тэр нь манай найз залуу. Өөр хэнд ч найдаж чаддаггүй, заавал нэг юм дутуу авчирдаг. Жишээлбэл, зайрмаг захихад миний идмээргүй нялбайсан, чихэрлэг байх ч юмуу эсвэл хувцас авахад өөрөө үзэж харж байж авахгүй бол таарахгүй эсвэл таалагддаггүй. Надад юу зохих, юу идмээр байгаа гээд бүгдийг найз залуу маань л мэддэг, маш өндөр мэдрэмжтэй.

TV ZONE: Хайр бол амьдралын мөнхийн сэдэв. Хайр гэдэг нэртэй кинонд анх тоглолоо. Хайрын тухай бодлоо хуваалцаач?

ГЭРЭЛМАА: Хайр их олон янз, бидний алхам тутамд л хайр байдаг. Хааяа монголчуудаа хайрлах сэтгэл төрдөг. Автобусанд хөгжим сонсоод явж байгаад л ажиглана. Бүгд амьдралынхаа төлөө өөр өөрийнхөөрөө зүтгээд явж байгаа. Бусдад ч юмуу хэн нэгэнд муухай хандаж болно л доо. Гэхдээ л өөрийнхөө хайрладаг хэсэг бүлэг хүмүүсийнхээ төлөө бүхнийг хийгээд бусдыг хаяж байгаа. Тэгэхээр муу хүн гэж байхгүй. Бүгд л хайртай хүмүүс, хайрынхаа төлөө л золиос гаргаж байгаа болохоос муудаа биш. Бүгд л маш сайн хайрлагчид. Тийм болохоор хайр гэдэг маш том золиос гаргахад хүргэдэг зүйл юм даа.

TV ZONE: Таалагдахгүй бол худлаа ярьдаг байх нь ээ /инээв/. Хүн л болсон хойно 13 ааштай л байгаа. Гэхдээ Гэрэлмаагаас ийм л авир гарахгүй гэвэл тэр нь?

ГЭРЭЛМАА: Надаас бол айлгүйтсэн, найланхайтсан зан хэзээ ч гарахгүй юм билээ. Кино зураг авалтын үед чи жаахан айлгүйтээд өгөөч гээд ч нэмэргүй, чадахгүй түк так гээд л... Хоёрдугаарт хүмүүсийн хооронд хов хутгасан “Хоролмаатах” зан ерөөсөө байхгүй. Яг тийм юмтай тулах юм бол “өө тэгээд л мэдэхгүй дээ” гэж мэгээд л яваад өгдөг.

TV ZONE: Нийгэм маань бухимдал ихтэй байна. Зарим нь ч хэн нэгний зохиомол турхиралт байх нь ч бий. Дарагдсан асуудлын голыг олонд ил гаргаж, шийдлийн төлөө явж байгаа нь ч байна. Яг одоо чамайг юу эмзэглүүлж байна?

ГЭРЭЛМАА: Монголчуудаа л өрөвдөөд байдаг юм. Хэцүү орчин нөхцөлд болгоод л амьдраад л байдаг, тиймээ? Гадаадад, европт хүмүүс яаж амьдарч байгаатай харьцуулахад манай монголчууд үнэхээр тэвчээртэй хүмүүс юмаа л гэж бодогддог. Сүүнийх нь үнэ 50 центээр нэмэгдэхэд л жагсаал цуглаан хийж, заавал тэр асуудлаа шийдүүлдэг. Нэгдэж, нийлж, асуултынхаа хариуг авч байна. Төр барьж байгаа хүмүүсээ ард түмэн нь удирдаж чаддаг. Гэтэл бид байгалийн баялаг ихтэй, зөндөө нөөц бололцоотой хүмүүс байж тайван байгаад л байдаг.

TV ZONE: Санал нэг байна. Гэхдээ нэг үеийнхээ зовлон, хөдөлмөр хичээл зүтгэл дээр хүчирхэгжсэн улс орнуудын жишээ байдаг бол бидний хувьд энэ зовлон тийм утга учиртай байж чадах болов уу гэдэг нь эргэлзээтэй санагддаг шүү.

ГЭРЭЛМАА: Би жишээ нь европт амьдарч байхдаа хүсэл эрмэлзлэлтэй, гэгээлэг байсан. Ирснээсээ хойш өдөр хоног аргацаагаад байгаа ч юм шиг хааяа санагддаг. Би бол айхтар баяжих сонирхолтой хүн биш л дээ. Гэхдээ л болохгүй байгаа юм. Ямар нэг юм хийж бүтээе, цэцэглүүлээд явъя гэхэд заавал нэг саадтай тулгардаг, эсвэл хууль бус юм хийх болдог. Гадагшаа явъя гэхэд байнга визний асуудалтай. Манай аав, ээжийн үе юм олдохгүй ховор, олдож байгаа нь их юм гэдэг ч юмуу дарлуулсан тийм нийгэмд амьдарсаар байгаад сурчихсан. Дээгүүрээ идэж уугаад дуусч байхад олдож байгаа нь л их юм, эрүүл байхад бусад нь яах вэ гээд суугаад байж болохгүй л дээ. Монголчууд бид хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, аргалсаар байгаад одоо тэр нь норчихсон амны цаас шиг маш эмзэг болчихсон тийм л байна л даа. Ямар ч байсан бүх юм сайхан болно, өөрчлөгдөнө гэсэн итгэл найдвартайгаа л байх хэрэгтэй байх.

TV ZONE: Чин сэтгэлийн сонирхолтой яриа өрнүүлж суухад таатай байлаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

ГЭРЭЛМАА: Баярлалаа, та бүхэнд ч бас амжилт хүсье.

Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул