Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Аяга цуглуулагч, М.Аззаяа: АЯГА КОФЕ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ

Аяга цуглуулагч, М.Аззаяа: АЯГА КОФЕ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ

Хүн бүрийн хобби харилцан адилгүй өөр, өөр байдаг. Гэхдээ цуглуулга, хобби бүхэн тухайн хүний стрессийг тайлж, кайф мэдрүүлэх, амьдралыг чимэгч нэгээхэн хүчин зүйл болж байдгаараа үнэ цэнэтэй юм. Сэтгүүлийнхээ “Ярилцъя!” буланд АЯГА ЦУГЛУУЛАГЧ & КОФЕНД ДУРЛАГЧДЫН КЛУБ-ын админ М.Аззаяаг урилаа. Азаа хувцасны шошго, тор цуглуулах хоббитой ч энэ удаад сэтгэлд хоногшсон сайхан кофе уунгаа, кофе болон цуглуулгын тухай амттай сайхан яриа өрнүүллээ.

TV ZONE : Үнэхээр гоё амттай юм. Ийм гоё кофе гэртээ чаначихдаг болохоор Кофе шопыг зүглэдэггүй байх гэж бодогдлоо?

М.АЗЗАЯА: Уулгүй яах вэ. Гэхдээ кофе чанагч машинд чанасан кофе бага зэрэг түлэнхий амттай болдог. Гар ажиллагаагаар чанасан кофе илүү цэвэрхэн, амт нь ч илүү санагддаг. Ихэнвчлэн найз нөхөдтэйгээ гадуур гарахдаа уудаг.

Ер нь найзууд бүгдээрээ кофе уух дуртай. Аяга кофе уугаад тавхан минут ярилцаад суух тэрхэн хугацаанд стресс тайлагдчихсан байдаг. АЯГА ЦУГЛУУЛАГЧ & КОФЕНД ДУРЛАГЧДЫН КЛУБ-ийнхээ фэйсбүүк хуудсанд кофены тухай оруулах маш их мэдээлэл байгаа хэдий ч одоохондоо амжихгүй яваад байна. Удахгүй оруулнаа. Чадвал жижигхэн гарын авлага гаргах бодол байгаа. Зөвхөн хэрэглээ талаас нь, жишээлбэл Американо – 60% ус, 30мл кофе, Эспрессо – усны хольцгүй, хар кофе, Латте – ус 30 мл, сүү 30 мл, кофе 30 мл нэгдэл гэдэг ч юмуу танин мэдэхүйн агуулгатай гарын авлага гаргах төлөвлөгөө бий.

TV ZONE : Хэдэн төрлийн аргаар кофе чанадаг юм бэ?

М.АЗЗАЯА: Хэдэн төрөл гэхээсээ илүү сорт, кофены хууралтаар нь light, medium, dark гэж ангилдаг. Кофе хуурагч гэж тусгай мэргэжил ч бий. Кофены ургамал вандуй шиг ногоон, модонд ургадаг хатуу, ямар ч амтгүй. Хуурч байх явцад хагарч дуугардаг. Тэр дуугаралтаас нь төдөн удаа дуугарах юм бол тийм хууралт гэж ялгадаг.

TV ZONE : Тэгэхээр сорт, хууралтаасаа чанар, үнэ нь хамаардаг байх нь ээ?

М.АЗЗАЯА: Этиоп, Бразил гээд кофены хамгийн сайн сорттой газраас авчирч хуурсан кофе л хамгийн үнэтэй. Арабад алттай кофе байдаг. Дэлхийн хамгийн үнэтэй кофе гэсэн чинь мууранд идүүлээд, ялгадсаас гарсан нь хамгийн сайн нь гэж сонсож байсан юм байна. Туркууд гэхэд өөрсдийнхөө үндэсний хоолны амтлагчийг кофендоо хольж өвөрмөц амттай кофе хийдэг юм билээ. Бас шоколад, карамелын амтанд оруулж хуурсан кофе ч байдаг. Кофе тослог ихтэй. Кофены шаараар биеийн арьсаа үрж гуужуулахад хүүхдийн арьс шиг зөөлөн булбарай болдог. Нүүр цэвэрлэгчтэйгээ хольж, нүүрээ үрээд хэсэг байлгаж угаасны дараа нүүрний арьс гоё болдог. Гоо сайханд түлхүү хэрэглэхээс гадна саван, лааны чимэглэл хийх, цэцэг ногооны бордоо болгох гээд олон ашиг тустай.

TV ZONE : Кофе эрүүл мэндэд тустай, хортой гээд л талцаад байдаг шүү дээ? Бид дандаа ашигтай талыг нь ярилаа?

М.АЗЗАЯА: Кофе уухаар зүрх өвддөг гэдэг нь буруу хэрэглээтэй холбоотой. Кофены найрлага дахь элемент нь сүү, элсэн чихэртэй нийлэхээрээ сөрөг урвалд орж биед сөрөг нөлөөлдөг. Кофены шаар нь усанд уусдаггүй. Шаарыг химийн урвалаар инстант хэлбэрт оруулж органик биш болгодог. Тэгээд л усанд найруулдаг кофе болгож уудаг. Кофены шааранд ус хийх тусам кофейн маш ихээр ялгардаг. Кофе их уухаар зүрх дэлсдэг гэдгийн учир энэ л дээ. Найруулдаг кофе уудаг хүмүүс бүр илүү их уумаар санагддаг. Уусан болохгүй байна дахиад уучихъя гээд л уудаг ш дээ.

TV ZONE : Хүүхэд кофе ууж болдог уу? Дэмий гэж ярьдаг?

М.АЗЗАЯА: Зүгээрээ, манай хүүхдүүд хааяа уудаг. Манайхан жирэмсэн болон хөхүүл эмэгтэй кофе ууж болохгүй гэж ярьдаг. Кофе нь хүний биед хэрэгтэй элементүүд агуулж байдаг гэдэг утгаараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсэн эмэгтэй өдөрт 30 мл кофе уухыг зөвлөдөг.

TV ZONE : Тэгвэл ямар кофег яаж ууж байгаа хэрэглээ нь л чухал юм байна шүү дээ.

М.АЗЗАЯА: Тиймээ, ерөөсөө л энэ бол хэрэглээнээс шалтгаална. Бидний уудаг ногоон цай ч гэсэн кофейн агуулдаг шүү дээ. Хэрэглээ л чухал.

TV ZONE: Одоогоор амталж үзсэн хамгийн гоё кофе тань ямар кофе вэ?

М.АЗЗАЯА: Кофенд дурлагчид, мундаг кофе шопын баристонууд Старбаксын кофе сорт муутай, муухай гээд байдаг. Гэхдээ би Старбакс нэлээд гайгүй кофены эдлэнгүүдээс өндөр үнээр худалдаж авдаг гэж сонсож байсан. 2 жилийн өмнө Солонгост явж байхад Старбаксын резерв гээд кофе худалдаанд гарчихсан байсан юм. 1 аяга нь 27,000 воны үнэтэй. Тэр л ёстой миний ууж үзсэн хамгийн гоё кофе. Манай найз надад бэлэглэж байсан юм.

TV ZONE: Кофены амтыг сайн ялгана биз?

М.АЗЗАЯА: Хууралтыг нь л ялгана. Мэргэжилтнүүд бол амсаж үзээд л энэ Этиопийнх байна, өө энэ Кубынх байна, өө энэ Бразилынх гээд л хэлдэг юм билээ.

TV ZONE: Кофегүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй гэж зарим хүн хэлдэг. Таны хувьд?

М.АЗЗАЯА: Тэр нь ч юу юм бэ /инээв/. Гэхдээ огт кофегүй болчихлоо гэвэл хэцүү л байх. Би нэг удаа кофегүй болчихоод кофеныхоо шаарыг дахиж найруулж ууж үзэж байсан /инээв/.

TV ZONE: Кофе уухад тохиромжтой цаг гэж байдаг уу?

М.АЗЗАЯА: Өглөө, өдөр, орой гээд цагийн хуваарь гаргачихсан байдаг юм билээ. Би өглөө 1 аяга ус уучихаад өглөөнийхөө хар кофег ууж гэдэс дотроо цэвэрлэдэг. Өдөр 12-14 цагийн хооронд 1 аягыг уудаг. Хөхүүл болохоор орой уухгүй байгаа. Хар кофе жин барина, тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмжинэ, ой санамжийг сайжруулна, арьс гоё болдог. Эрчүүдийн хувьд түрүү булчирхай, бэлгийн чадавхийг сайжруулдаг. Кофе зөв хэрэглээ талаасаа хүний биед маш их ач тустай.

М.АЗЗАЯА танд ингэж зөвлөлөө

Кофены соёл гэж тусгай соёл байдаг бөгөөд лаа асааж өгснөөр орчноо улам ч ая тухтай болгодог байна. Цаасан шүүлтүүрээ багахан норгож өнгө. Ингэснээр цаасны өвөрмөц амт арилдаг. Мөн аягаа урьдчилан бэлдэж халуун ус хийж хэсэг байлгаснаар кофе аягалахад температурын зөрүү огт гарахгүй. Кофены хуурсан үрээ бутлагчид хийж нунтаглана. Ингээд нунтаг кофегоо цаасан шүүлтүүр дээрээ хийж, буцалсан усаа бага багаар хийж өгнө. Усаа ихээр хийж болохгүй. Шинэхэн хуурсан шинэ кофе бол хөөсрөлт ихтэй байдаг бөгөөд энэ үед кофенд агуулагддаг 70 гаруй элемент задарч шүүгддэг.

TV ZONE : Цуглуулгынх нь анхны аяга аль нь вэ? Яагаад аяга цуглуулах болов?

М.АЗЗАЯА: Монголчууд бид дээшээ харсан сав гэж аягыг ихэд бэлгэшээдэг шүү дээ. 2006 оноос аяга цуглуулж эхэлсэн. Англид сурч байхдаа хамгийн анхны аягаа авч байсан. Ер нь цуглуулгатай байна гэдэг их гоё. Цуглуулгаасаа сэтгэлийн таашаал авна, стресс тайлагдана, түүнийхээ төлөө бүх зүйлээ зориулна. Манай хүүхдүүд “Ээж таны энэ аяганууд чинь биднээс илүү үнэтэй юу?” гэж асууж байсан удаатай /инээв/. Нэг аяга хагалах юм бол “Ээжийн аяга сүйрээ юу?” гээд л... Хүүхдүүддээ ч гэсэн хүн ямар нэг юманд тууштай байх үлгэр дуурайл үзүүлж байгаа болов уу гэж боддог. Том болохоороо ээжийн аягануудыг цуглуулнаа гэдэг. Хань бид хоёр гадагшаа дотогшоо явахдаа эсвэл найз нөхөд, танилууддаа захиж авчруулан цуглуулгаа өргөжүүлж байна.

TV ZONE : Таны цуглуулгын онцлог юу вэ? Тантай адилхан цуглуулгатай хүн хэр олон байдаг юм бол?

М.АЗЗАЯА: Монголд надтай адилхан Старбаксын аяга цуглуулдаг хүн байна уу гэж зөндөө хайсан. Одоо болтол олдохгүй л байгаа. Старбаксын сүлжээ хотуудын нийслэл хотуудаар аягаа цуглуулдаг болохоор ховор юм шиг байгаа юм. Найзуудаас маань зарим нь аяга цуглуулж эхэлж байгаа. Гадны улс орнуудад зөвхөн старбаксын аяга цуглуулдаг хүмүүсийн блог, группууд байдаг. Цуглуулгад нь байдаггүй дутуу аягаа олж авна, нэг нэгэндээ бэлэглэнэ, зарна. Тэр группийнхэн маань “танай Монголд Старбакс нээгдэж чи бидэнд Монголын Старбакс аяга явуулах цаг хурдан ирээсэй” гэдэг. Манайхаас бусад бараг бүх оронд Старбаксын сүлжээ байгаа байх.

TV ZONE : Таны цуглуулгын сор нь?

М.АЗЗАЯА: Ээжтэйгээ Солонгост явж байгаад авч байсан энэ аяга. Амьд явбал алтан аяганаас кофе уунаа гэж.../инээв/ Старбаксын сваровски аяган сувенир гацуур модны чимэглэл маань бас их хөөрхөн. Тусдаа зөвхөн үүнийг цуглуулдаг хүмүүс ч байдаг. Миний цуглуулгын хамгийн жижигхэнийг манай найз эгч бэлэглэсэн.

TV ZONE : Цуглуулгадаа онилж “Овоо хараандаа” авчихсан байгаа аяга бий юу?

М.АЗЗАЯА: Байлгүй яах вэ, очиж үзээгүй зөндөө орон байна. Тэр бүгдээр цуглуулгаа баяжуулмаар байна. Захиалж авахад аяга хагарамтгай чанартай учраас хагарал гэмтэл ихтэй. Нэг аягыг дор хаяж 45 ам.доллараар авдаг, зам зардал нь нэмэгдэнэ. Тээвэрлэлтийн явцад хагарах эсэхийг батлан даадаггүй болохоор маш хүндрэлтэй.

TV ZONE: Хүн бүр цуглуулгаасаа гар татдаггүй, хамаг байдгаа л зориулдаг л даа. 1 аяга хамгийн багадаа 45 ам.доллар, түүнээс дээш үнэтэй байдаг гэхээр нэлээд өртөг өндөртэй хобби байх нь ээ?

М.АЗЗАЯА: Өртөг өндөр тусдаг шүү. Шаазан аяганаас илүү халуунаа баригч аяга /Tumbler/ үнэтэй байдаг. Тиймдээ ч миний tumbler цуглуулга нэмэгдэхгүй байгаа. /инээв/

TV ZONE: Цуглуулгын тань хамгийн адал явдалтай, дурсамжтай олдсон аяга?

М.АЗЗАЯА: Миний хамгийн хол зам туулж авч байсан аяга Швед аяга. Ажлаар Германд очоод, нэгэнт энд ирчихсэн юм чинь гээд зориглоод Швед явсан юм. Галт тэргээр явж байгаад, купетэй онгоцоор далай гаталдагийг нь мэдэхгүй, бүр төсөөлөө ч үгүй байтал “За тавтай сайхан аялаарай” гээд л галт тэрэг маань нэг газар ороод зогсчихсон. Нэг харсан чинь ачааны том том машинуудтай зэрэгцээд зогсчихсон байсан. Дээшээ шатаар өгсөөд хартал яг усан онгоцны схем. Англид байхад хүмүүс далайгаар явж байгаад үхэж үрэгддэг талаар их сонсож, зүрх үхчихсэн гэх үү дээ. Би хэзээ ч далайгаар явахгүй гэж боддог хүн чинь сүнс зайлчихсан. Ариун цэврийн өрөөнд нь орж 10-аад минут уйлсан байх аа. Угтаж авахаар ирсэн эгчийгээ хараад уйлчихсан. Тэгээд Шведээс юм авах гэтэл өртөг өндөртэй байсан болохоор энэ аяганаас өөр юу ч аваагүй ээ.

TV ZONE: Сэтгэлд хоногших амттай сайхан кофегоор дайлж, өгөөжтэй сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Өөрийн гэсэн кофе шопоо нээж, цуглуулгаа ч мөн улам арвижуулаарай. Амжилт хүсье !

М.АЗЗАЯА: Баярлалаа, найзууд маань манайд ирэхээрээ Azaa’s coffee shop гээд л байдаг юм. Одоохондоо гэр кофе шоптоо үр хүүхдээ харж, кофегоо ууж л баясч байна даа. Манай гэрт зочилсон та хоёртоо тив алгасан АНУ-аас ирсэн энэ аягыг бэлэглэе.

TV ZONE: Баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул

Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш