Америк гүйгчийн бизнес ухаан
Америкийн хөнгөн атлетикч Ник Симмондс 2012 оны Лондоны Олимпийн өмнө өөрийн ивээн тэтгэчийнхээ логог мөрөн дээрээ шивүүлж 11,1 мянган доллар авч байсан удаатай. Тэгвэл Риогийн Олимпийн өмнө Америк эр ахин энэ санаагаа хэрэгжүүлэхээр шийджээ. Ингэхдээ нөгөө мөрөн дээрээ компаниа сурталчлуулах хүсэлтэй хүмүүст хандан дуудлага худалдаа зарлалаа.
"Олон Улсын Олимпийн Хороо болон Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны хуучинсаг үзэл баримтлалын улмаас тамирчид өөрсдийн хүссэн ивээн тэтгэгчээ сурталчилж, хөрөнгө оруулалт татах боломжгүй байгаад би сэтгэл дундуур байсаар ирсэн. Би энэхүү дүрмийн эсрэг өөрийн чадах бүхнийг хийх болно" хэмээн Ник Симмондс мэдэгджээ. ОУОХ-ны дүрмээр Олимпийн наадмын үеэр тамирчид зөвшөөрөгдсөн компаний бус хувцас хэрэглэл өмсөх, реклам сурталчилгаа байрлуулахыг хориглодог юм. Энэ дүрмийг Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо ч мөн тэмцээн уралдаандаа дагаж мөрддөг билээ.
Одоогоор түүний мөрөн дээр рекламаа "байрлуулах" 6,1 мянган долларын санал ирээд байгаа гэнэ. Гэхдээ юуны өмнө Ник Симмондс Олимпийн наадамд оролцох шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтах эрхээ сонгон шалгаруулах тэмцээнээс авах ёстой. Үүний өмнө АНУ-ын Хөнгөн Атлетикийн Холбоо түүнийг дээрх хэрэгтэй холбоотойгоор шүүхэд өгчихөөд байгаа. Ник Симмондс 2013 оны ДАШТ-ий 800 метрийн гүйлтэд мөнгөн медаль хүртэж байсан юм.
