Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Гэр бүл салалтын хохирогчид нь гэм зэмгүй хүүхдүүд

Гэр бүл салалтын хохирогчид нь гэм зэмгүй хүүхдүүд

Гэр бүл салалт бол зөвхөн нэг болоод өнгөрөх үзэгдэл, үйл явдал биш. Энэ нь гэр бүлийн цаашдын амьдралд гүн гүнзгий сүүдрээ тусган үлдээдэг. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа иргэний хэргүүд дотор гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг сүүлийн таван жилд тасралтгүй нэмэгдсэн нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шүүхүүд Гэр бүлийн тухай хуулиар 2004 онд 2918, 2005 онд 2955, 2006 онд 2989, 2007 онд 3544, 2008 онд 3629 хэрэг шийдвэрлэжээ. Гэрлэлт цуцалсан хэрэг 2004 -2008 онд жил ирэх тусам нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд үүнээс үүдэлтэйгээр хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь ихээхэн сэтгэл эмзэглүүлсэн хэрэг болоод байна. Шүүхээс тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 2009-2014 оны хооронд 6882 байгаа бол хүүхдийн тэтгэлэг гаргуулсан тохиолдол 2078 болжээ.

Гэрлэлт цуцлахад хамгийн түрүүнд хүүхдийн эрх ашиг хөндөгддөг. Тийм ч учраас гэрлэлтийг цуцлах гэж байгаа үндсэн шалтгаан нь юу байна гэдгийг тогтоох ёстой. Үүнийг хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс хийх шаардлагатай юм. Онц ноцтой шалтгаангүй тохиолдолд гэр бүлийн тухай хуулийн 16.2-т зааснаар гурван сар хүртэлх хугацаанд эвлэрүүрлэх арга хэмжээ авдаг. Энэ хугацаанд эвлэрч чадаагүй бол гэрлэлтийг цуцална.

Гэр бүл цуцлахад хамгийн их яригддаг, маргадаг асуудал бол хүүхдийн өмчлөл болон асрамжийн асуудал. Хүүхдийг эцэг, эхийн аль нэгнийх нь асрамжид үлдээсний дараа тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэнэ. Манай улсын хуульд гэр бүл цуцлахад хүүхдэд оногдох өмч хөрөнгө ямар байх вэ гэдгийг тодорхойлсон заалт байхгүй. Гэр бүлээ цуцлуулсан үед хүүхдийг асрамжиндаа авсан хүн нөгөө талаасаа дундын өмч шаардах эрхтэй. Харин гадаад улс орнуудад гэрлэлт цуцалж байгаа үед хүүхдэд оногдох эд хөрөнгийг хуульчилж өгсөн байдаг. Тухайбал, ОХУ-д гэр бүл цуцалсан бол хүүхдэд зориулсан өрөө, номын сан, хадгаламж зэрэг нь хүүхдийн хөдлөшгүй өмч байна гэж хуулиндаа зааж өгсөн. Энэ бол зөвхөн гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн хувьд шийдвэрлэх асуудал.

Гэтэл дагавар хүүхэд, хамтран амьдрагчдын хүүхдийн асуудал бас байна. Үүнийг зохицуулсан хуулийн ганцхан томъёолол бий. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хосуудаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэнтэй адил байна гэж заасан. Гэхдээ Дээд шүүх тэр хуулийн заалтыг хэрэглэхдээ эд хөрөнгийн харилцаанд адил тэгш эрх эдлэх боломжийг хязгаарладаг. Энэ мэт зүйлээс болоод хүүхэд хохирох асуудал бий. Хүүхэд тэжээн тэтгүүлэх, нэмэгдэл зардал гаргуулах эрхтэй. Гэтэл манай улсад хуулиар тогтоодог тэтгэлгийн хэмжээ бага. Хүүхдийн наад захын хэрэгцээг хангахад ч хүрэлцдэггүй.

Орчин үед гэр бүл салалт харьцангуй ихэссэн. Олон хүүхдүүд эцэг эхээсээ холдож байна . Эцэг эхчүүд хүүхдүүдийн дэргэд маргаж, бие биенээ буруутгаж эхлэх нь маш буруу юм . Ийм нөхцөлд хүүхдүүд үе үе юу хийхээ мэдэхээ байж, түүнийг 2 хэсэг болгон хувааж байгааг мэдэрдэг билээ. Энэ бүх үйл явцын үеэр бүх ертөнц олон хэсэг болон салж байгаа мэт санагддаг. Энэ үед гомдол, уур уцаар, ганцаардлаас зайлс хийхэд маш хүнд байдаг . Энэ байдал сүүлийн жилүүдэд ихсэж, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа нь гэр бүлийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлын нэг болоод байна.

Хамгийн харамсалтай нь эцэг эхийн салалт нь хүүхдүүдийг том хүн болсны дараа ч нөлөө үзүүлсээр байдаг бөгөөд тэдний гэрлэлт аз жаргалтай айлын хүүхдүүдийн гэрлэлттэй харьцуулахад илүү хэврэг байна. Хүүхдэд сөргөөр нөлөөлж буй байдал:

Салалт нь охид, хөвгүүдэд ялгаатай нөлөөлдөг байна. Судалгаанаас үзэхэд салалтын дараах урт хугацааны нөлөөлөл нь охидоос илүү хөвгүүдэд илүүтэй тусдаг. Салалтын дараа эцэг охин хоёрын харилцаа нь эцэг хүүгийнхээс харьцангуй илүү тогтвортой байгаа нь ажиглагддаг. Нэгэн судалгаанаас үзэхэд ийм гэр бүлийн охид илүү хөнгөн хуумгай, бэлэвсэн эхнэрийн өрх гэрт өссөн охид золбоо муутай, аливаа зүйлд уруу татагдаж, өртөмхий болдог талтай байна.

Нэгэнт салсан гэр бүлүүдэд тохиолддог хүнд бэрхийг та алган дээр тавьсан юм шиг харж байгаа бол хагацлын шийдвэр гаргахаасаа өмнө дахин нэг бодоод үзээрэй. Өөрөөсөө “Ханьтайгаа эвлэрэх гэж өөрөөс шалтгаалах бүхнийг хийж үзсэн билүү?” гээд асуугаад нэг үзээрэй.