Домогт дуучин Принц таалал төгсчээ
Поп хөгжмийн супер од, дуучин Принц пүрэв гаригт АНУ-ын Миннеаполис хот дахь гэртээ нас барсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Иветт Ноел-Шур Ассошиэйтед Пресс агентлагт мэдээлсэн байна. Дуучин, дуу зохиогч, хөгжимчин, продюссер гэх мэт олон талын авьяастай энэхүү агуу уран бүтээлчийн бүтээлүүдийг тухайн үеийнхээ хөгжмийн чиг хандлагыг үргэлж тэргүүлж, чиглүүлж байсан хэмээн хөгжим шүүмжлэгчид үздэг. Тэрээр 1970-аад оны эцсээр хөгжмийн ертөнцөд "Wanna Be Your Lover" гэх зэрэг хит дуунуудаараа гарч ирж байсан бөгөөд 80-аад оныг "Little Red Corvette" , ''Let's Go Crazy" , "When Doves Cry" зэрэг уран бүтээлүүдээрээ шуугиулж байсан юм. Түүний уран бүтээлүүд хөгжмийн урсгалын хувьд фанк, рок, R'nB, соул, жазз, хип хоп, диско гэх мэт бүхий л төрлийг хамарч байсан нь ямар нэгэн зүйлд баригдаж байгаагүйг нь илтгэдэг юм. Принцийн "1999" болон "Purple Rain" цомгууд нь бүх цаг үеийн шилдэг цомгуудын тоонд бичигддэг билээ. Принцийн шүтэн бишрэгчид нь пүрэв гаригт Миннеаполис хотноо цугларан, түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.
