Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Үрчлээний эсрэг байгалийн эмч

Үрчлээний эсрэг байгалийн эмч

Үрчлээний эсрэг байгалийн эмч

Өөгүй цэвэрхэн арьсыг өөртөө бий болгохын тулд заавал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, үргэлж салонд орж иллэг хийлгэх ёстой гэсэн үг биш. Гар доорх материалаа ашиглаад арьсаа арчилж тордох олон аргууд бий төдийгүй эдгээр аргуудыг үргэлж хэрэглэж, арьсны элдэв асуудлаас өөрийгөө хамгаалсаар ирсэн олон мундаг бүсгүйчүүд байдаг. Хамгийн гол нь байнгын арчилгаа байхад л хангалттай. Тухайлбал, бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг А амин дэмээр баялаг луувангаар арьсны элдэв асуудалдаа цэг тавьж болдог. Тэгвэл энэ удаа А амин дэм, бета каротен, антиоксидантаар баялаг луувангаар хэрхэн гоо сайхнаа арчилж тордох аргуудаас санал болгож байна.

Хуурай арьстай бол...

Хүний арьс хуурайшч эхлэх нь бие дэх калигийн хэмжээ буурч байгааг илтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, калигийн дутагдлаас шалтгаалан арьс хуурайшч эхэлдэг. Харин лууван нь кали эрдэс бодисоор баялаг учраас арьс тань хуурайшаад хэцүү байгаа бол луувангийн шүүс ууж эхлээрэй. Ингэснээр биед тань хэрэгцээтэй калиг нөхөж, арьс хуурайшихгүй хэвийн болж эхэлнэ.

А амин дэмийн дутагдал арьсанд хэр халтай вэ?

Халтайгаар барах уу, А амин дэм биед дутагдаад ирэхээр арьсны олон төрлийн өвчин эмгэг, асуудлууд үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс батга, гүвдрүү, харшлууд зэрэг арьсан дээр гардаг тууралтуудыг антиоксидантаар баялаг луувангийн тусламжтай анагааж болдог аж. Өөрөөр хэлбэл, арьсны элдэв асуудалтай хүмүүс хоол хүнсэндээ лууванг түлхүү хэрэглээд байвал арьсан дээр асуудал үүсэх нь эрс багасна. Мөн лууван нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас арьсаа луувангаар үрж, үрэвслийг нам дарах боломжтой.

ЛУУВАНГИЙН 5 АЧ ТУС

Нэг. Лууван нь антиоксидантаар баялаг учраас хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Үрчлээний эсрэг байгалийн эмч ч гэж лууванг нэрлэж болно.

Хоёр. Лууван нь арьсыг чийгшүүлнэ.

Гурав . Лууванд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд арьсны эд эсийг дахин сэргээх үйл явцад оролцоно.

Дөрөв. Арьсны идээт үрэсвлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Тав. Дархлааны системийг дэмжиж, элдэв халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Арьс чийгшүүлэх ЛУУВАНГИЙН МАСК

2 ц/х жижиглэж үрсэн лууван

1 ц/х зөгийн бал

1 ц/х цөцгий

Цөөн дусал оливийн тос

Хийх арга болон хэрэглээ:

Орцуудаа бүгдийг нь нэг саванд хийж сайн холих бөгөөд энэхүү зуурмагаараа маск тавихын өмнө нүүрээ сайтар цэвэрлэх ёстой. Үүний дараа маскаа нүүрэндээ жигд тараан тавьж, 10-15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угааж, луувангийн маскаа цэвэрлэн авна. Нэг удаагийн тавилтаар арьс тань толийж, зөөлөн булбарай, чийгшилтэй болсон байх болно. Үүнийг долоо хоногтоо 1-2 удаа тогтмол тавиад хэвшвэл арьс хуурайшилтыг та мартах болно.

Үсний өнгийг сэргээж, ургалтыг түргэсгэх ЛУУВАНГИЙН МАСК

Хаврын улиралд арьснаас эхлээд үс хүртэл өнгөө алдаж, хуурайшин соронзлогдож, нэг л гундуу, засч янзалъя гэсэн ч урамгүй байдаг шүү дээ. Тэгвэл үнэтэй үсний маск, тос гэлтгүйгээр гарын доорх хэдхэн материал ашиглаад л үсэндээ гэрэл нэмж, ургалтыг нь ч түргэсгэх боломж бий.

1 ш дунд зэргийн хэмжээтэй лууван

2 х/х тараг

Цөөн дусал оливийн тос

2 ц/х зөгийн бал

(үснийхээ өнгийг илүү гэрэлтүүлье гэвэл зөгийн балны хэмжээг нэмж болно)

Хийх арга: Луувангаа жижиглэн хэрчиж байгаад буцалж буй усанд хийн чанаж болгоно. Гадил жимсээ мөн жижиглэн хэрчинэ. Саванд тараг, зөгийн бал, оливийн тосоо хийж хутгаад дээрээс нь болсон лууван, гадил зэргээ хийнэ. Бүх хольцуудаа холигчинд хийгээд хольж, зуурмаг болгоно. Ингээд маск бэлэн болно.

Хэрэглээ: Үсээ угаалгүй сайн самнаж байгаад луувангийн маскаа нэлэнхүйд нь жигд тараан түрхэж, иллэг хийж байгаад үсээ боож 45 минут хэртэй байлгана. Илүү үр дүн үзэхийг хүсвэл бүр 2 цаг хэртэй байлгах хэрэгтэй. Үүний дараа бүлээн усаар үсээ угаахдаа хүсвэл шампунь хэрэглэж болно, харин ангижруулагч бүү хэрэглээрэй. Үсээ угаагаад хатаасны дараа үс тань өмнөхөөсөө хэд дахин илүү зөөлөн, намирсан, өнгө нь илт сэргэсэн байх болно. Үүнийг долоо хоногтоо нэг хийчихэд л хангалттай.

ЭЦЭСТ НЬ, ЛУУВАНГ ХҮНСЭНДЭЭ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ, ГОО САЙХНАА УРТ УДААН ХАДГАЛЪЯ, БҮСГҮЙЧҮҮДЭЭ!