Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Ц.Мөнх-эрдэнэ, С.Нарантунгалаг: Бид хүүгээ “Дэлхийн бахархал

Ц.Мөнх-эрдэнэ, С.Нарантунгалаг: Бид хүүгээ “Дэлхийн бахархал” гэж билэгшээн дууддаг

Бид үнэндээ эргэн тойрондох үйл явдлуудын болж бүтэхгүй байгаад анхаарлаа хандуулж, тэрхүү бодлоороо нийгмийг бүхэлд нь дүгнэх гээд байдаг сөрөг хандлагатай. Гэтэл нүдээ нээгээд сайн харвал хар бараанаас илүү гэрэл гэгээтэй үйл явдлууд бидний эргэн тойронд үргэлж болж байдаг. Тухайлбал, гэр бүл салалт их байна гэдэгт анхаарлаа хандуулалгүйгээр ямар олон үлгэр дууриал болсон залуу гэр бүлүүд бидний дунд байгааг ажиглаад нэг үзээрэй. Тэдний төлөөлөл болгож, энэ удаагийн ярилцлагын хүндтэй хоймор “Дугаарын зочин” буландаа залуу уран бүтээлч Ц.Мөнх-Эрдэнийн гэр бүлийг зочноор урилаа. Түүний гэргийг СТА, дуучин С.Нарантунгалаг гэдгийг хүмүүс андахгүй. Нийгэмд гэр бүлээ авч яваа байдал, мөн гэрэл гэгээтэй уран бүтээлүүдээрээ үлгэр дууриал болсоор яваа энэ сайхан залуу гэр бүлтэй уншигч таныг уулзуулж байна.

TV ZONE: Бидний урилгыг хүлээн авсан танай гэр бүлд юуны өмнө баярлалаа. Сайхан хаваржиж байна уу?

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ , С.НАРАНТУНГАЛАГ :Сайхан хаваржиж байна. Ирж яваа сайхан цагт гэр бүлээрээ TV ZONE сэтгүүлийн нүүр хуудсанд гарч, ярилцлага өгөх болсондоо бид маш их баяртай байна. Энэ сайхан боломжийг олгосон TV ZONE сэтгүүлийн хамт олондоо баярлалаа.

TV ZONE: Ярилцлагынхаа хойморт уран бүтээлч хүмүүсийг урьсан болохоор яриагаа уран бүтээлийн шинэ сонин сайхнаас эхлэх нь зүйтэй болов уу?

С.НАРАНТУНГАЛАГ : Ханьтайгаа хамтран “Чамдаа би хайртай шүү” тоглолтыг хоёр жилийн өмнө хийж байсан бол одоо хамтын бүтээл болсон анхны цомгоо гаргаад байна. Өмнө нь СТА, дуучин Р.Амарбаясгалан ахтайгаа хамтран “Чамдаа би хайртай шүү” цомог гаргаж байсан бол энэ удаа хайртай хүнтэйгээ хамтран дуулсан дуунуудаа багтаасан “Хайртай” цомгоо гаргалаа. Өмнө нь Р.Амарбаясгалан ахтайгаа олон сайхан хайрын дуунуудыг хамтран дуулсан байдаг. Гэхдээ чин зүрхний хайртай хүнтэйгээ Хайрын тухай дууг амьдруулна гэдэг мэдрэмжийн хувьд тэс өөр юм билээ. Тиймээс “Хайртай” цомогт маань багтсан ихэнх дуу хайрын тухай бөгөөд тэр бүгд жинхэнэ хайрын мэдрэмжээс бүтсэн гэдэг утгаараа илүү өөр мэдрэмжийг төрүүлэх байх аа.

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ : Мөн хайр дурлалын хайраас гадна аав ээжийн, нутаг усны тухай сайхан дуунууд цомогт маань багтсан. Тиймээс “Хайртай” цомогт багтсан дуунуудыг маань сонсоод үзээрэй гэж хэлмээр байна. Цомог маань “HiFi” CD SHOP-ын бүх салбараар худалдаалагдаж байна. Мөн “HIFI” CD SHOP хөдөө орон нутгуудад хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн учраас Монголын өнцөг булан бүрт суугаа сонсогчид маань дэргэдээсээ худалдан авалт хийх боломжтой болсон. Гадаадад байгаа монголчууд маань интернэтээр худалдаж авах боломжтой.

TV ZONE: Анхны цомгоо гаргана гэдэг ямар ч уран бүтээлчдийн хувьд хамгийн том баяр байдаг. Нөр их хөдөлмөрийнх нь үр дүн, мөн олон жил мөрөөдөж ирсэн мөрөөдөл нь биелсэн учраас баярлах нь аргагүй байх. Тэгвэл анхны цомгоо өлгийдөн авсан Мөнх-Эрдэнийн сэтгэгдлээс хуваалцмаар байна?

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ : Тиймээ, уран бүтээлч хүний хувьд цомгоо гаргаж, түүнийгээ гартаа барих тэр торгон мөч үнэхээр аз жаргалыг бэлэглэдэг. Миний хувьд ч ялгаагүй, анхны цомог маань гар дээр ирэхэд үнэхээр баярласан. Бид цомгоо тоглолтынхоо дараа гаргана гэж ярилцаж байсан ч тодорхой шалтгааны улмаас түр хойшилсон л доо. Ямартаа ч анхны цомгоо ханьтайгаа хамтран гаргасан гэдэг утгаараа цомог маань надад хамгийн нандин зүйл минь болсон.

TV ZONE: Хүн мэргэжлээ сольж болох ч унаган авьяасгүй л бол дуучны мэргэжлийг хүссэн хэн бүхэн хийж чадахгүй. Тэгэхээр Мөнх-Эрдэнийн хувьд дуулах авьяастай байгаад өөр мэргэжил сонгов уу? Мэргэжлийн дуучин шиг сайхан дуулж байна лээ.

С.НАРАНТУНГАЛАГ : Манай хүн унаган авьяастай, үнэхээр сайхан хоолойтой, сайхан дуулдаг. Олны хүртээл болгоогүй ч надтай суухаас өмнө хэд хэдэн дуу гаргаж байсан удаатай. Өөрөө сайхан дуулдаг учраас урлагт үнэнхүү элэгтэй, хайртай. Тийм ч учраас урлагаас ханиа олсон юм болов уу гэж боддог юм. Гэр бүл болсныхоо дараа би ханийгаа сайхан дуулдагийг нь маш сайн мэдэх хүний нэг учраас ханьдаа хамтран дуулах саналыг анх тавьж, урлаг руу хөтлөн оруулсан. Саналыг маань ч хань минь сайхнаар хүлээн авч, хамтдаа “Жаргалын наран хань” анхны дуугаа өлгийдөн авсан түүхтэй. Үүнээс хойш, олон сайхан гэгээлэг хайрын тухай дууг ханьтайгаа хамтран дуулжээ.

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ :Би хүүхэд байхын дуулах дуртай, аль цэцэрлэгт байхаасаа л дууны тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцдог байсан л даа. Ер нь, аавын маань талд дуучин ихтэй. Эмээ, ээж их сайхан дуулдаг байсан гээд тэр бүх авьяас нь магадгүй жаахан ч болтугай надад өвлөгдсөн байх. Арван жилд ороод дуулах дуртай ч жаахан бүрэг ичимхий хүүхэд байсан болохоор магадгүй өөрийгөө сайн нээж чадаагүй байх. Ганцаараа дуулахгүй ч найрал дуунд харин ордог байсан. Арван жилээ төгссөний дараа аавын тухай дуу гаргаж, түүндээ маш их урам орж, гадагшаа сургуульд явахаасаа өмнө хоёр, гурван дуу гаргасан байдаг. Одоо нэгэнт урлагт хөл тавьсан болохоор ханьтайгаа хамтдаа нийгэмд эерэг энерги өгөх юмсан гэж хичээдэг. Залуу уран бүтээлчид, мөн залуу гэр бүл учраас өөрсдөөрөө дамжуулан нийгэмд зөв үлгэр дууриаллыг үзүүлэхийг эрхэмлэдэг.

TV ZONE: Мөнх-Эрдэнийн хувьд цаашдаа уран бүтээлээ үргэлжлүүлэн хийх үү, эсвэл үндсэн мэргэжлийнхээ ажилд илүү анхаарлаа хандуулах болов уу?

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ : “Урлаг яг хар тамхи шиг, нэг л орсон бол гарах гарц байхгүй” гэсэн үг байдаг. Үүнийг би өөр дээрээ мэдэрч байна. Тиймээс ханьтайгаа хамтран уран бүтээлээ үргэлжлүүлэхийн хажуугаар үндсэн мэргэжлээрээ ажиллана.

TV ZONE:Нарантунгалагийн хувьд өмнө нь ганцаараа уран бүтээлийнхээ төлөө зүтгэдэг байсан бол одоо хоёулаа боллоо. Ханьтайгаа хамтран уран бүтээлээ туурвих, эсвэл ганцаараа зүтгэх хоёрын хооронд хэр их ялгаа байгаа бол...

С.НАРАНТУНГАЛАГ : Урд нь Р.Амарбаясгалан ахтайгаа хамтран уран бүтээлээ туурвиж байхад би гэр бүлтэй болоогүй байсан л даа. Тиймээс уран бүтээлээ гаргах бүхий л ажилд ганцаараа зүтгэдэг байсан. Хэдийгээр тухайн үед ганцаараа зүтгэж байсан ч уран бүтээлүүдийг маань олон түмэн үнэхээр сайхан хүлээн авч байсанд баярладаг. Одоо бол гэр бүлийнхээ хүнтэй нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж байгаа нь хамгийн сайхан. Өглөө хамтдаа гарч, ядарсан ч, баярлаж догдолсон ч хамтдаа явсаар орой гэртээ хамтдаа орж ирээд л. Харин хоёулаа өглөөнөөс орой хүртэл завгүй явахаар хүүхэд, ар гэр орхигдох гээд байдаг сөрөг тал бий. Мөн уран бүтээлийн зардлаа өмнө нь Р.Амарбаясгалан ахтайгаа хоёр талаас нийлүүлдэг байсан бол одоо бүх төсөв хань бид хоёроос шалтгаалж байгаа гэдэг утгаараа бага зэрэг хүнд. Гэхдээ энэ бүхнийг асуудал гэж харахгүйгээр бид төлөвлөсөн, зорьсон бүхнийхээ төлөө хамтдаа зүтгэж явна даа. Ханьтайгаа хамтдаа тоглолтоо хийлээ, цомгоо гаргалаа, харин одоо ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү орохоор төлөвлөөд байна.

TV ZONE: Гэр бүлийн хоёр хэрхэн танилцсан түүх сонирхолтой санагдаж байна?

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ :Бид найзлаад арав гаруй жил, ханилан суугаад зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх танилцахдаа жирийн танилууд байсан л даа, гэхдээ миний хувьд танилцсан цагаасаа эхэлж гэргийгээ шохоорхож эхэлсэн гэхэд болно. Яваандаа өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж, манай хүн ч хүлээн авч, багагүй хугацаанд найзалж нөхөрлөн, өнөөдөр ингээд гэр бүл болж, өөрсдийгөө дуурайсан хөөрхөн хүүтэй болсон байна.

С.НАРАНТУНГАЛАГ : Манай хадам ээж миний хуурай ээж байсан юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн найзууд байсан юм л даа, бид. Манай хүн ээжтэйгээ манайхаар орж гарна. Тэгж орж гарахдаа намайг хардаг байсан юм билээ. Би ч эхэндээ анзаардаггүй байсан. Удалгүй манай хүн Бээжин рүү Архетиктурын чиглэлээр сургуульд явж, түүнээс хойш бид интернэтээр хоёр биетэйгээ харьцдаг болсон юм. Хоёр биенээсээ хол, интернэтээр л үргэлж харилцдаг бидний хайрын түүх эндээс эхлэлтэй. Хол байхаар өөрийн эрхгүй хоёр бие рүүгээ татагддаг юм билээ. Ингэж анх танил байсан залуус хоёр биедээ татагдаж, хайр сэтгэлээрээ гэр бүл болж, хөөрхөн үртэй болоод байна даа. Хүүгээ төрүүлээд, дараа нь асарч тойглох гэж уран бүтээлээсээ түр чөлөө авсан, одоо бол эрчимтэй уран бүтээлдээ ороод байна.

TV ZONE:Нарантунгалагийн ээж их сайхан дуулдаг хүн байсан гэж сонссон. Нөхөр тань бас сайхан дуулдаг. Та өөрөө дуучин хүн. Тиймээс хүүд тань дуулах авьяас одооноос цухалзаж байна уу?

С.НАРАНТУНГАЛАГ :Хүү маань одоо 4-тэй, ирэх 10 сард 5 нас хүрнэ. Авьяас удамшдаг юм билээ. Унаган авьяас гэдгийг хүн номоос уншаад авчихдаггүй, төрмөл учраас хүүд маань дуулах авьяас бага сага цухалзаад байгаа шүү. Өнгөрсөн шинэ жилээр хуучин он болж, гоцлол дуу, бүжиг, шүлэг гээд л цэцэрлэгийнхээ бүх л үзүүлбэрүүдэд орсон. Ер нь, хүүгээ хэвлийдээ тээж байхдаа ээж нь уран бүтээлээ хийж, төрснийх нь дараа аав, ээж хоёр нь мөн л байнга дуулж байдаг гээд авьяасаас гадна орчин их нөлөөлдөг юм шиг санагддаг. 4 настай хүүхэд гэхэд үргэлж ээжийгээ гайхшируулж алмайруулдаг даа, миний хүү.

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ :Сэргэлэн, адтай хүүгээ бид “Дэлхийн бахархал” гэж дууддаг юм. “Амны билгээс ашдын билэг” гэдэг шүү дээ.

TV ZONE: Хүү нь том залуу болжээ. Нууц биш бол дараагийн хүүхдээ төлөвлөсөн болов уу? Аавууд хүүтэй болсон бол охин нэхдэг гэсэн яриа байдаг шүү дээ.

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ :Хүү маань “Охин мама, охин мама” гээд дүү нэхээд байгаа. Үнэндээ хүү, бид хоёр л доо. (Инээв)Бидний төлөвлөгөөнд дараагийн хүүхэд маань орчихсон яваа. Манай хүн хүүгээ төрүүлээд гэртээ хэсэг сууж, эргээд уран бүтээлдээ ороод гурван жил болох гэж байна. Амьдралаа ер нь сайн төлөвлөдөг шүү, манай гэр бүл.

С.НАРАНТУНГАЛАГ : Бид хоёр биетэйгээ маш сайн ярилцдаг, амьдралаа сайн төлөвлөдөг. Би өөрөө маш их гэрсэг эмэгтэй. Ямар сайндаа л хүүгээ хараад гэртээ суун хоёр, гурван жил болох вэ дээ. Хэдийгээр би уран бүтээлч ч гэсэндээ хүүхдээ төрүүлчихээд удалгүй уран бүтээлдээ орж чаддаггүй. Төрчихөөд удалгүй уран бүтээлдээ ордог эмэгтэйчүүдээрээ би үргэлж бахархдаг, үнэхээр мундаг. Гэхдээ миний хувьд хүүхдээ илүү том болтол нь ээж нь хамт байж, хайр энхрийллээр дутаалгүй өсгөх юмсан гэж боддог. Магадгүй олон хүүхэдтэй болбол уран бүтээлээсээ урт хугацаанд чөлөө авах хэрэг гарах байх. Гэхдээ намайг уран бүтээлээ үргэлжлүүлээсэй хэмээн “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж, ард түмэн намайг Дуучин хэмээн хүндэтгэн дууддаг энэ их итгэлийг нь би алдахгүй дааж явах юмсан гэж үргэлж хичээж явдаг даа.

TV ZONE: Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой яриа өрнүүлсэн танай гэр бүлд аз жаргал, уран бүтээлд нь амжилт хүсье!

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ , С.НАРАНТУНГАЛАГ :Баярлалаа.

ЯРИЛЦСАН: Б.Баяржаргал

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: В.Цэнд-Аюуш