Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГОО ТАНИЛ: Гудамжны бүжигчин Төөгөө

ГОО ТАНИЛ: Гудамжны бүжигчин Төөгөө

Би гудамжны бүжгээс өөрийгөө олж нээсэн

Африк-Америкчуудаас гаралтай гудамжны бүжиг тэртээ 20 дугаар зууны эхэн үед алс холын Америкт үүсч, хөгжлийнхөө явцад илүү боловсронгуй болсоор өдгөө хэл ус, үндэстэн ястан, улс гүрэн хамаарахгүйгээр дэлхийн залуусыг холбох, ойлголцох “хэл” болжээ. Манайхан саяхныг хүртэл “Хэдэн залуус хийх юмгүйдээ л гудамжинд бүжиглэдэг” гэсэн эндүү бодолтой явсан бол үнэндээ хүмүүсийн энэ бодол хэдийнээ цаг үеэ өнгөрөөж, гудамжны бүжиг өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүжгийн нэгэн төрөл болсон. Тэгвэл үүнийг өөрийн хийж буй үйлдэл бүхнээрээ олонд мэдрүүлж, үеийн залуусаа гудамжны бүжигтэй танилцуулж яваа “AIM4R ” продакшны үүсгэн байгуулагч, “ AIM4R dance studio”-гийн захирал Т.Саруултөгс буюу Төөгөөг энэ удаагийн “Гоо танил” буландаа онцоллоо. Гудамжны бүжиг Төөгөөг хэрхэн өөрчилсөн бол...

ХҮҮГЭЭ БҮЖИГТ ДУРЛУУЛСАН ААВ

Майкл Жексоны ид мандан бадарч буй цаг үед Төөгөөгийн аав гэртээ алдарт попын загалмайлсан эцгийн клипүүдийг үзэж, түүнийг дуурайн бүжиглэдэг байжээ. Заримдаа аав нь бүжгэндээ хань татан ах дүү, найз нөхдөө цуглуулж, тэр дунд нь жаахан хүү тэднийг мөн л даган бүжиглэх гэж хэрэндээ л хичээдэг байжээ. Мөн хүүхэд байхдаа аавынхаа Жексоны дуун дээр хэрхэн эвсэлтэй гэгч нь бүжиглэж буй дүрс бичлэгийг хэдэнтээ тавьж үзсээр багаасаа дуу хууртай, бүжиг танцтай орчинд өссөн нь түүнийг энэ урлагт эргэлт буцалтгүйгээр дурлах шалтгаан болсон гэдэг.

“Би арван жилдээ маш бүрэг, ичимхий, доожоогүй хүү байсан”...

Нэгэн зууны түүхтэй гудамжны бүжиг манайд харин шинэ бүжгийн төрөл. Хэдхэн жилийн өмнөөс л залуус маань эрчимтэй хичээллэж, зарим нь амьдралынхаа нэгэн хэвшил болгоод явж буй. Энэхүү хөгжилд нь өөрийнхөө чамлахааргүй хувь нэмрийг оруулсан хийгээд нас бага ч зоригтойгоор гудамжны бүжгийн студиэ нээн, олон залуусыг энэхүү бүжигтэй танилцуулж яваа Төөгөө хүүхэд байхдаа ч ийм манлайлагч, санаачлагч байсан уу гэвэл үгүй. Үнэндээ тэрээр арван жилээ төгсөх хүртлээ хэтэрхий бүрэг ичимхий, дуу шуу цөөтэй, доожоогүй, байнга атаман хөвгүүдэд дээрэлхүүлдэг хүү байжээ. Өнөөдрийн Төөгөөг харсан хэн бүхэн хэзээ ч түүнийг ичимхий байсан гэж төсөөлөхгүй.

Тэгвэл өөрийгөө нээж, бусдад өөрийн авьяас чадвараа хүлээн зөвшөөрүүлсэн тэр цаг мөч бол арван жилийнхэн урлагийн үзлэг байсан гэдэг. “Энэ юу чадах вэ дээ” хэмээн ангийн хүүхдүүд нь дутуу үнэлсэн ч Төөгөө урлагийн үзлэгээр өөрийгөө бүрэн харуулж, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. “Хүн хийж чаддаг зүйлээ олохоор илүү өөртөө итгэлтэй болдог юм билээ” хэмээн ярих тэрээр бүжгээс өөрийгөө ийн олж авчээ.

ХЭЛНИЙ МЭДЛЭГ ХАЙРЦАГНААС ГАРАХ ГҮҮР

Төөгөө гудамжны бүжгээр хичээллээд 9 жил өнгөрчээ. Дэлхийд алдар цуутай гудамжны бүжигчдийн бичлэгүүдийг үзэн туршлага судлахын зэрэгцээ олон улсад зохион байгуулагддаг сургалт дамжаануудад элсэж, өөрийн чадвараа дээшлүүлсээр байна. Япон, Солонгост хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр явж байхдаа хажуугаар нь бүжгийн сургалтууддаа ч давхар хамрагдсаар, нэг үгээр 16 настайгаасаа хойш өнөөдрийг хүртэл алхам тутамдаа энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлсээр иржээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад нь, цаашлаад дэлхийн өнцөг булан бүр дэх гудамжны бүжигт сонирхолтой залуустай танилцаж нөхөрлөн, туршлага солилцоход хэлний мэдлэг нь маш том гүүр болдог гэлээ. Англи хэлийг сайн эзэмшиж чадвал маш олон боломжууд бидний эргэн тойронд бий гэдгийг ч Төөгөө онцолж байна. Түүнчлэн мэдээлэл авах хэрэгслийг зөвхөн фэйсбүүк, инстеграм, твиттер зэрэг хэдхэн сошиал сүлжээгээр бүү хязгаарлуул, мэдээлэл авах олон сувгууд байдаг, эрэл хайгуул сайн хийж сураарай хэмээн өөрийн туршлагаас хуваалцсан юм.

“ Би өөрийгөө мундаг бүжигчин гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ хүсч, зорьж явдаг зүйл минь шилдгүүдээс суралцах. Шилдэг нь байхын тулд шилдгүүдээс суралцах хэрэгтэй гэж боддог учраас олон улсад зохион байгуулагддаг сургалтуудад хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг.”

арим хүмүүс түүнийг хилийн дээс алхаж, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн сургалтанд сууж байгааг нь хараад мөнгө сайн олдог юм байна хэмээн эндүү ташаа боддог гэнэ. Үнэхээр ч ингэж явах нь зардал мөнгө ихтэй байдаг аж. Гэхдээ үнэхээр шилдэг нь л биш бол Монголд гэлтгүй дэлхийд ч дан бүжгээр мөнгө олоход хэцүү байдаг гэлээ. Тиймээс гудамжны бүжгээр өөрийгөө олж, үүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүйд хүртлээ дурласан болохоор өөрийгөө хөгжүүлэх тал дээр мөнгө харамладаггүй байна. Үргэлж өөрийгөө болоогүй байна хэмээн дүгнэж, чадвараа илүү ахиулахын төлөө эрсдэл гаргаад ч болтугай “өлсгөлөн” мэт тэмцдэг Төөгөө үеийн залуусыгаа ч гэсэн өөрийгөө хөгжүүлэхийн төлөө уйгагүй тэмцэх хэрэгтэйг уриалж байна.

ГУДАМЖНЫ БҮЖИГ, ЭРХ ЧӨЛӨӨ ХОЁР АГААР НЭГ

Саяхныг хүртэл манайхан гудамжны бүжгийг сайн талаас нь хардаггүй, нэр муутай гудамжны хэдэн нөхдүүд л энэ чиглэлээр бүжиглэдэг гэсэн ойлголттой байсан тухай Төөгөө ярьсан юм. Аль ч улсын гудамж талбай улсын өмч байдаг учраас тэнд бүжиглэхэд хэн ч хориглож, тээршаах эрхгүй. Тиймээс хүмүүс гудамжинд ямар нэг зүйлд баригдахгүй, захирагдахгүй илүү эрх чөлөөтэй байдлаа мэдэрч чаддаг байна. Мэргэжлийн зарим бүжигчид гудамжны бүжгийг дутуу үнэлэх тохиолдол олон бий гэнэ. Гэхдээ гудамжны бүжиг өөрийн гэсэн элементүүдтэй, сэтгэл зүйн хувьд эндээс аз жаргал, эрх чөлөөг мэдэрнэ гэдэг хамгийн чухал.

Сүүлийн жилүүдэд манай залуус бүжгийн энэ төрлөөр түлхүү хичээллэж, өөрийгөө илүү нээн хөгжүүлж байгаа төдийгүй эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдээ гудамжны бүжгээр хичээллэхийг нь дэмждэг болжээ. Төөгөө “AIM4R” бүжгийн студиэ нээн, гудамжны бүжиг сонирхсон хүүхэд залууст багшилж, өдгөө 5000 хол давсан суралцагсадтай болж, энэ дундаас жинхэнэ гарын 20 гаруй шавьтай аж.

Залуусаа уриалсан “AIM4R” САН

Гудамжны бүжгийг амьдралынхаа салшгүй нэгэн хэмнэл болгож, эндээс цэнэглэгдэж, илүү ихийг хийх урам зориг, эрч хүчийг авдаг Төөгөө олон хүүхэд, залууст эрх чөлөөний бэлгэдэл болсон бүжгээ заагаад зогсохгүй өөрийн санаачилсан студийнхээ нэрээр нэрлэсэн сантай. Өнгөрсөн жилийн сүүлээр байгуулагдсан ч чамлахааргүй олон сайн үйлсийн аянг залуусаа уриалан нэгтгэж, амжилттай хэрэгжүүлсэн байдаг.

“Хүн өөрөө зөв байгаад хайртай зүйлээ хийж чадаж байвал түүнээс гарах үр дүн нь үргэлж гайхамшигтай байдаг. Миний хувьд, би бүжигт маш их хайртай. Өдөр бүр үүнээсээ маш их аз жаргалыг мэдэрдэг учраас өөртөө байгаа бүхнээ бүжигтээ зориулж чадна. Гэхдээ хүн алхам тутамдаа өөрийгөө хайж, нээж байх хэрэгтэй гэж боддог болохоор бүжгээс өөр би юунд дуртай юм бол хэмээн өөрийгөө хайсаар л явна.”

Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан TVZONE   сэтгүүлийн шинэ дугаараас та илүү ихийг уншаарай