Хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны уран бүтээлийг цувралаар хүргэнэ
Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Цогцолын Нацагдорж агсны 65 насны ойгоор түүний уран бүтээлийг олон түмэнд дэлгэн хүргэх аж.
Ц.Нацагдоржийн уран бүтээлийн долоо хоног ирэх сарын 2-9-ны хооронд болох юм.
Ц.Нацагдорж дуурь, симфони, бүжгэн жүжиг зэрэг хөгжмийн том бүтээл дагнан туурвиснаас гадна манай улсын сор болсон мэргэжлийн хөгжмийн зохиолчдын багш билээ. Энэхүү өдрүүдийн хүрээнд дөрөвдүгээр сарын 4-нд Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, удирдаач УГЗ Н.Буянбаатар нар Д.Баярбаатарын дэглэлт “Нүүдэл” бүжгэн жүжгийг толилуулах юм байна.
Дөрөвдүгээр сарын 5-нд Ц.Нацагдоржийн шавь нарын “Аялгуун мандал” хамтарсан тоглолт Улсын Филармонийн тайзнаа эгшиглэх аж. Түүнчлэн дараа өдөр нь Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд УГЗ Ч.Чинбатын удирдлагаар “Нутгийн чулуу” тоглолтыг ХБК-ийн концертын танхимд тоглоно.
Дөрөвдүгээр сарын 7-нд Д.Төрбат, Т.Зөнбилэг нарын цомнол, Ц.Нацагдоржийн хөгжмөөр бүтсэн “Гүн гэрийн гүнж” гурван бүлэг, таван үзэгдэлт түүхэн дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид тоглох нь ээ.
Дөрөвдүгээр сарын 9-нд “Хувь тавилангийн симфони” хүндэтгэлийн тоглолтыг хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, хөгжмийн удирдаач шавь нар болон хамтран зүтгэгчид нь зохион байгуулах гэж байна.
