ГОО ТАНИЛ: Загвар өмсөгч Б.Батцэцэг
Төрсний дараа гурилан юм идэлгүй ус сайн уугаарай
“Гоо сайхан гэдэг их тогтворгүй ойлголт л доо. Жишээ нь, хөөрхөн, сайхан хүүхэн гэдэг үзүүлэлт улс болгонд өөр байхад дотоод гоо сайхны тухай ойлголт хаана ч адил байдаг. Тиймээс би гадаад болон дотоод гоо сайхныг хүний сэтгэл санаатай холбон ойлгодог. Муу санаа, атаархал, өс хонзонд их автвал хүн өөрөө гундаж, өнгө алдаж эхэлдэг учраас дотоод гоо сайхнаа ямагт тордож, муу муухай зүйл бодолгүй, бүхнийг эерэгээр харж сэтгэж байх хэрэгтэй. Энэ нь гоо сайхнаа залуу, сайхан хэвээр нь хадгалах гол үндэс гэж боддог.”
Монголын загварын хууччуулын нэг, олон улсын загварын тайзнаа алхаж, эх орныхоо нэрийг гаргаж явсан, мөн бидэнтэй МУГЖ, дуучин Т.Ариунаагийн “Нандин учрал” дууны клипээр илүү дотно танил болсон бүсгүй бол загвар өмсөгч Б.Батцэцэг билээ. Арав гаруй жил загварын ертөнцтэй амьдралаа холбож, үүнийхээ хажуугаар мэдлэг боловсролдоо анхаарч явсаар өдгөө гэр бүлтэй болж, үрийн зулай үнэрлэжээ. Тэгвэл ээж болоод удаагүй байгаа Б.Батцэцэг буюу Бэбэг энэ удаагийн “Гоо танил” буландаа онцолж, гоо сайхны ертөнцтэй нь танилцъя.
ЦЭВЭРХЭН АРЬС ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЧИМЭГ
Бэбэгийн хувьд биеийнхээ арьсанд хамгийн их анхаарал тавьж, арчилдаг. Өөгүй, цэвэрхэн, гэрэлтсэн тунгалаг арьс эмэгтэй хүний чимэг, үүнээс өөр чимэг хэрэггүй дээ хэмээн боддог учраас тэр. Зузаан будалт болон том, нүсэр гоёл зүүсгэл нь хүнийг байгаагаас нь илүү оворжуу харагдуулдаг гэж боддог учраас эдгээрээс аль болох татгалздаг байна. Арьс гэхээр зөвхөн нүүр юм байна гэж эндүү бүү бодоорой. Тэрээр эмэгтэй хүний царайнаас гадна биеийн арьс зөөлөн булбарай байх хэрэгтэй гэж боддог болохоор зөвхөн нүүр гэлтгүй биеийнхээ бүх хэсгийг арчилж тордон, адилхан анхаарал тавьдаг байна. Тиймдээ ч биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд мөнгө хайрлалгүй зардаг гэнэ.
АРЬСАА ДОТРООСОО ТОРДОХ НЬ ҮР ДҮНТЭЙ
Бэбэ эмзэг, хуурай арьстай учраас арчилгаа их шаардагддаг. Гэхдээ арчилгаа ихтэй хэмээн зөвхөн гаднаасаа үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилдаггүй гэнэ. Харин арьсаа эрүүл байлгах хамгийн үр дүнтэй арга бол хооллолт гэдэгтэй үргэлж санал нийлсээр, үүнийгээ ч гэсэн амьдрал дээрээ хэрэгжүүлсээр яваа юм. Идэж буй хоол хүнсэндээ анхааралгүй үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл арьс сайхан болно гэвэл эндүүрэл. Эрүүл хооллож, ус сайн уугаад байвал арьс дотроосоо л гэрэлтээд, элдэв асуудал тулгардаггүй хэмээн туршлагаасаа хуваалцлаа. Тиймээс хооллолтондоо анхаарч, гаднаасаа байгалийн гаралтай, зөөлөн найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг байна.
Бэбэгийн өөгүй гэрэлтсэн цэвэрхэн арьсны бас нэгэн нууц бол мөс. Олон охид, бүсгүйчүүд арьсаа чангалж, гэрэлтүүлэхийн тулд мөсөөр нүүрээ арчдаг бөгөөд тэдний нэг нь Бэбэ юм. Харин зөвхөн ус хөлдөөлгүй , усан дотроо ногоон цай хандлаад бага зэргийн Е амин дэм дусааж хөлдөөн хэрэглэдэг аж. Энэ нь арьс чангалж, толийлгон гэрэлтүүлэхээс гадна Е амин дэмийн давхар үйлчилгээг үзүүлдэг байна.
“БИ ЗӨӨЛӨН, ЧИХЭРЛЭГ ҮНЭРТЭНД ДУРТАЙ”
Зөөлөн сүрчигт дуртай хэмээн өөрийгөө тодорхойлсон Бэбэ Prada-гийн “Candy” болон Coach, Burberry-гийн сүрчгүүдийг түрхэж байна.
ХИЙЖҮҮЛСЭН УНДААНД ХЭРЭГТЭЙ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ!
Газтай буюу хийжүүлсэн ус, ундаанд их хэмжээний сахар агуулагддаг гэдгийг бид мэддэг хэрнээ үүнээс татгалзаж чаддаггүй. Сахар нь биед уршиг ихтэй гурван хорын нэг хэдий ч татгалзаж чадахгүй, үүнээс улбаалан хангалттай жин хаяж чаддаггүй. Тэгвэл Бэбэгийн хувьд жингээ хадгалдаг нэгэн нууц нь хийжүүлсэн ундаа, жүүсийг огт хэрэглэдэггүй. Үүнээс гадна, тос ихтэй хоол хүнснээс татгалзсаар ирж, эдгээр нь ч амьдралынх нь хэвшил болжээ.
“МИНИЙ ТУРШЛАГАГҮЙТСЭН АЛДАА”
Бараг эмэгтэй хүн бүрт гоо сайхандаа гаргаж байсан алдаа бий байх. Хүмүүсийн сайн гэсэн бүтээгдэхүүнийг авч хэрэглээд алдаж байсан олон ч тохиолдлыг би мэднэ. Тэгвэл Бэбэд ч гэсэн гоо сайхандаа алдаж байсан тохиолдол бий гэнэ. Тэрээр үсэндээ буржгар хими хийлгэж, үсээ нэлээдгүй гэмтээж байжээ. Тухайн үедээ үүндээ багагүй харамсаж явсан ч одоо туршлага болон түүнд үлджээ.
АМТТАНАА ӨГЛӨӨНИЙ ЦАГААР ИД
Бэбэгийн өглөө 2, 3 аяга ус уухаар эхэлдэг. Өлөн элгэн дээрээ ус уух нь ходоод гэдсийг цэвэрлэж өгөхөөс эхлээд олон ач тустай гэдгийг онцоллоо. Усаа ууснаас 30 минутын дараа ихэнхдээ кофе ууж, өндөг иддэг төдийгүй ер нь, идмээр байгаа амттанаа өглөөгүүр иддэг. Амттан шимттэн бүхэнд их хэмжээний сахар, мөн өөх тос агуулагддаг учраас өглөө идчихвэл өдрийн турш хөдөлгөөний явцад “шатаад” дуусдаг аж. Харин орой аль болох 17 цагаас хойш хүнд хоол хүнс хэрэглэлгүй тараг, жимс зэрэг хөнгөн хооллохыг эрхэмлэдэг байна. Энэхүү амьдралын хэмнэл нь түүний жингээ барьдаг гол нууц нь гэнэ.
Одоо бол Бэбэ төрөөд удаагүй байгаа ээж. Тиймээс хөхүүл учраас хамаагүй хоолны дэглэм барьж болохгүй. Ээждээ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмжийг бэлэглэсэн хүү нь одоо 4 сар гарантай. Бэбэ төрөөд 20 кг жин нэмсэн хэдий ч дөрвөн сарын дотор 15 кг-ийг хаяж чаджээ. Ийм богино хугацаанд олон кг хаяж чадсаны нууц нь ус сайн ууж, гурилан бүтээгдэхүүн бага идсэнийх гэнэ. Төрсний дараа эмэгтэйчүүд сүү оруулах нэрийдлээр гурилан бүтээгдэхүүнийг маш их хэрэглэдэг төдийгүй энэ нь жин нэмэх үндэс болдог гэдгийг тэрээр онцолж, төрсөн ээжүүддээ аль болох гурилан хүнснээс татгалзаж, ус ихээр уухыг зөвлөлөө.
ТӨРСНИЙ ДАРАА ХУРДАН ЖИНГЭЭ ХАССАНЫ ГОЛ НУУЦ
Төрсний дараа богино хугацаанд хэвийн жиндээ орохын тулд “Happy Mommy” нэртэй салоноо нээгээд удаагүй байгаа ажээ. Уг салон нь Зүүн өмнөд азиас гаралтай уламжлалт гэдэс татах тураах массажийг хөхүүл эхчүүддээ зориулан хийдэг байна. Уг массаж нь цусны эргэлтийг сайжруулж, хоёр булчингийн салалтыг нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг төдийгүй Монголд ийм үйлчилгээ байдаггүй учраас ээжүүддээ зориулан нээж, өөрөө ч гэсэн үйлчлүүлж, богино хугацаанд ямар ч гэдэсгүйн дээр амархан жин хаяж чаджээ.
АМЬДРАЛЫНХ НЬ НЭГЭН ХЭВШИЛ ЙОГ
Загвар өмсөгч бүсгүй маань дөрвөн жилийн өмнөөс йогоор хичээллэх болжээ. Жингээ хаяхдаа бус, сэтгэл санааны хувьд амар амгаланг эрэлхийлж, йогийг сонгон хичээллэх болсон аж. Харин жингээ хасах хэрэгтэй болсон үедээ өглөө гүйж, давхар фитнесст явж хөлсөө гаргадаг байна.
