Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Гоо танилууд зөвлөж байна

Гоо танилууд зөвлөж байна

Бүсгүй хүн бүрт гэрийн нөхцөлд гоо сайхнаа арчилж тордох өөр өөрийн гэсэн жор бий. Заавал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, салонд орсноороо гоё сайхан болдоггүй. Гар доорх материал буюу цэвэр органик бүтээгдэхүүний тусламжтайгаар гоо сайхнаа арчлах боломж бас бий. Тэгвэл энэ удаа уншигч охид, бүсгүйчүүддээ санаа аваасай гэсэн үүднээс “Гоо танил” буланд маань зочноор оролцож байсан бүсгүйчүүд гэрийн нөхцөлд гоо сайхнаа хэрхэн торддог аргуудыг багцлан хүргэж байна.

Топ модель О.УЯНГА

О.Уянгын өөртөө хийж, хэрэгжүүлдэг гоо сайхны жор бол зөгийн балтай мөс юм. 30 дөхөж байгаа бүсгүйчүүд арьсны жижиг үрчлээнээс өөрсдийгөө хамгаалах нь нэн тэргүүний асуудал байдаг. Тэгвэл топ модель бүсгүй маань үрчлээнээс өөрийгөө хамгаалахын тулд мөсөөр нүүрээ тогтмол арчдаг байна.

ХИЙХ АРГА : Цэвэршүүлсэн усан дээр нэг халбага зөгийн бал хийн хөлдөөгөөд л боллоо. Энэ нь зүгээр мөсөөр арчсанаас илүү арьсыг булбарай, чийглэг болгодог.

Дуучин Э.ЭНХЗОЛ

Дуучин бүсгүй маань долоо хоногтоо 2-3 удаа арьсандаа тэжээл өгөх зорилгоор чийгшүүлэгч маскыг тогтмол тавьдаг. Мөн гоо сайханд орохоос илүү өөрөө гэртээ арьсаа арчлахыг эрхэмлэж, долоо хоногтоо нэг удаа массажны тосоор нүүрэндээ иллэг хийдэг байна.

Сэтгүүлч П.ОДГЭРЭЛ

“UBS” телевизийн сэтгүүлч, редактор П.Одгэрэлийн нууц жор бол оливийн тос юм. Уруул омголтох, эсвэл арьсны хэт хуурайшсан хэсэгтээ оливийн тос түрхэж, чийгшил өгдөг аж. Энэ нь ямар ч үнэтэй бүтээгдэхүүнээс илүү үйлчилгээ үзүүлдэг гэдгийг өөрийн туршлагаасаа мэдэрчээ.

Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер Б.ОЮУНГЭРЭЛ

Өдөрт дор хаяж 4-5 литр ус уудаг тамирчин бүсгүй маань усаа уух уухдаа балга балгаар шимж уудаг байна. Энэ арга нь усыг илүү биед шингээж өгдөг ач тустай аж. Харин дан хоосон ус уугаад байлгүйгээр үүнийгээ нимбэг, зөгийн балаар баяжуулан уух нь илүү сонирхолтой, басхүү үр дүн нь илүү байдаг гэнэ.

Мисс, загвар өмсөгч А.БАЯРЦЭЦЭГ

Амархан батгаших гээд байдаг эмзэг арьстай бүсгүйчүүдэд А.Баярцэцэгийн жор тус болж мэднэ. Тэрээр арьсан дээр нь батга гарвал нимбэгний шүүсээр арчдаг ба энэ нь үрэвслийг намдааж, амархан хатааж өгдөг тустай ажээ.

“AQUA”-гийн Б.УЯНГА

Нас ахихтай зэрэгцэн арьс суларч, унжиж эхэлдэг. Тэгвэл үүнтэй тэмцэх арга хайж буй бол Б.Уянгын жорыг туршаад үзээрэй. Тэрээр нар салхинд биеэ аль болох ил гаргахыг эрхэмлэж, мөн халуун ваннд орж, үүний дараа хүйтэн шүршүүрт байнга ордог байна. Энэхүү арга нь биеийг чангалж, залуу байдлаа удаан хадгалж үлдэхэд маш үр дүнтэй гэнэ.

“UBS ” телевизийн хөтлөгч Ч.ЭНХЖАРГАЛ

Хөтлөгч бүсгүй маань хоолоо сойдоггүй хэрнээ таргалдаггүй, жингээ бариад байдгийн нууц нь өдөр тутмынхаа хоол хүнсэнд цагаан гаа, саримс хоёрыг байнга хийж иддэгт оршдог аж. Цагаан гаа, саримс хоёрын хамгийн том ач тус бол өөртөө олон төрлийн амин дэмийг агуулахаас гадна дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Цагаан гааг нимбэг болон өргөст хэмхтэй миксердэж, долоо хоногтоо нэг удаа уудаг төдийгүй энэ нь биед хуримтлагдсан хорыг гадагшлуулдаг. Уг нь үүнийг байнга уу гэж зөвлөдөг ч Энжигийн хувьд долоо хоногт нэг удаа уучихад л болдог гэнэ.

Дуучин Ч.ЦЭЛМҮҮН

Гэрийн нөхцөлд авч хэрэгжүүлдэг жорууд:

Зөгийн бал . Энэ нь арьсанд чийгшил өгөхөөс гадна байгалиасаа бактерийн эсрэг үйлчилгээтэй тул олон төрлийн асуудалтай арьсанд эмчилгээ болж өгдөг. Тиймээс Ч.Цэлмүүний хувьд хамгийн үр дүнтэй маскыг цэвэр органик зөгийн бал хэмээн зөвлөсөн юм. Дэлгүүрүүдээр худалдаалах ихэнх зөгийн бал нь тэр бүр байгалийн гаралтай 100 хувь органик биш байдаг тул арьсанд өгөх үйлчилгээ нь сул байх талтай.

Өндөгний цагаан . Энэ нь нүх агшаах, тослог арьстай бол тос тэнцвэржүүлэх, хар болон цагаан батга цэвэрлэх, арьсыг чангалах зэрэг үйлчилгээтэй. Энэ маскыг 15 мин орчим нүүрэндээ тавиад угаана. Харин өндөгний шарыг оливийн тостой хольж үсний маск 30 минут болгон ашиглах боломжтой.

Бор сахар: Бор сахрыг зөгийн балтай сайтар холиод л маш сайн гуужуулагч скраб болж өгдөг. Үүнийгээ тэрээр 10 хоногт нэг удаа хэрэглэдэг байна. Мөн цэвэр элгэн таргаар нүүрэндээ маск тавьдаг гээд илүү органик аргаар арьсаа арчлахыг эрхэмлэдэг ажээ.

Загвар өмсөгч Т.ТУЯАМАА

Нимбэг+ тараг. Нимбэгний дотор хэсгийг сайтар нухаад бага зэргийн тарагтай холиод арьсандаа маск тавьдаг.

Авокадо. Маш олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг өөртөө агуулагч авокадогийн дотор хэсгийг сайтар нухаж байгаад арьсандаа түрхдэг байна. Энэ нь арьсанд маш их тэжээл өгч, өнгийг сэргээдэг гэлээ.

Бүлээн бигнүүр. Хичээл, ажил ихтэй үедээ будгаа сайн арилгаж, арьсаа гүн цэвэрлээд бүлээн алчуураар бигнүүр тавьж, юу ч түрхэлгүй унтан арьсаа амраадаг байна. Бүлээн алчуур нь арьсны нүх сүвийг нээж, амрааж тайвшруулдаг.

“UBS” телевизийн нэвтрүүлэгч Г.ОЮУНЦЭЦЭГ

Өглөө бүрийг мөнгөн аяганд хонуулсан ус уун эхлүүлдэг байна. Мөнгөн аяганд ус хонуулан уух нь олон талын ач тустай. Мөнгө нь шүд, буйлыг бэхжүүлэн улмаар ходоод, гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодыг устгах чадалтай төдийгүй буцалсан усыг мөнгөн аяганд, эсвэл зэс аяганд хонуулаад өлөн дээрээ өдөр бүр уухад ходоод хорсох намдаж, ходоодны хүчил багасдаг байна. Ингэж уух нь зөв энергийг хуримтлуулж, усаар дамжин хүнд хүрдэг ажээ.

Загварын блог хөтлөгч Б.ОЮУНЦЭЦЭГ

Арьс хуурайшсан үедээ тал авокадо жимсийг сэрээгээр сайн нухаад нэг жижиг халбага зөгийн балтай холиод нүүрэндээ 15 минут маск тавьдаг. Үүний дараа угаагаад халуун алчуураар бигнүүр тавьдаг байна. Ер нь, уг маск нь хуурайшсан арьсанд маш сайн тэжээл болдог ажээ.

Топ модель Х.БАДАМГЭРЭЛ

Амралтгүй их ажилласны дараа, эсвэл нойр дутуу үед хүний арьс амархан гундаж, чийггүй, өнгөгүй болдог бол цаг наргүй ажилтай явдаг Х.Бадамгэрэлийн хувьд энэ үедээ орой тараг уугаад унтдаг байна. Тараг уугаад унтсаны маргааш өглөө арьс гоё болсон байдаг гэсэн шүү.

Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан TVZONE  https://www.facebook.com/TV-ZONE-weekly-magazine-204931649541719/ сэтгүүлээс та илүү ихийг уншаарай.